С.Амарсайхан: Гуравдугаар сарын эхээр вакцинжуулалт эхэлнэ

С.Амарсайхан: Гуравдугаар сарын эхээр вакцинжуулалт эхэлнэ

"COVID-19"-ийн эсрэг иргэдийн амьжиргаа, эдийн засаг бизнесийг дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний төлөвлөгөөг танилцуулж байна. Энэ үеэр УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан вакцин хэзээ хийгдэх талаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр “Вакциныг энэ гуравдугаар сараас эхлээд хийх бэлтгэлээ бүрэн хангасан. Хоёр гурван төрлийн вакцин орж ирж байна. Нэгдүгээрт, ДЭМБ, КОВАКС-ын шугамаар орж ирэх эхний ээлжийн вакциныг тээвэрлэн оруулж ирэх ажил зохион байгуулагдаж байна. Хоёрдугаарт, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн “Астра Зенека”, “Pfizer”цаашлаад хөрш орнуудаас вакцин оруулж ирэх эхний ээлжийн хөрөнгө санхүү тээвэрлэлтийн асуудлууд бүрэн зохион байгуулагдаж, вакцин энэ сардаа багтаж орж ирнэ. Гуравдугаар сард вакцинжуулалтаа эхэлнэ. Ингэхдээ эрсдэлт салбарт ажиллаж буй иргэдээс эхэлнэ. Долдугаар сар гэхэд бид вакцинжуулалтынхаа бүхий л асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Хөрөнгө санхүүгийн хувьд ямар нэгэн хүндрэлтэй асуудал байхгүй. Сангийн яам бусад холбогдох байгууллагууд бүрэн шийдвэрлэсэн. 

Хамгийн гол нь тодорхой нөхцөл шаардлага тавигдаж буй. Тэрхүү шаардлагын дагуу  ээлж дараатай ДЭМБ-ын хүлээн зөвшөөрсөн вакцинууд түгээгдэж байна.  Бүс нутагтаа манай улс хамгийн түрүүнд КОВАКС-ын хөтөлбөрийг хэрэгжүүлэх улсаар сонгогдож хамгийн эхэнд вакцин оруулж ирэх нөхцөл бүрдсэн. Вакцин хадгалах хүйтэн хэлхээт хөргөгч, тээвэрлэлтийн асуудлууд бүрэн шийдэгдсэн. Эмч, сувилагчид бэлтгэгдэж заавар зөвлөгөөгөө авч байгаа. Тиймээс гуравдугаар сарын эхээр вакцинжуулалт эхэлнэ гэж ойлгож болно. Цаашид орон даяар вакцинжуулалтын ажил үе шаттайгаар явагдана" гэв.