М.Энхболдын 32-ын бүлгийнхэн Нүхтэд уулзаж МАН-ын том хагарлыг эхлүүлэв

М.Энхболдын 32-ын бүлгийнхэн Нүхтэд уулзаж МАН-ын том хагарлыг эхлүүлэв

МАН-ын 32-ын бүлэг буюу М.Энхболдын фракцынхан өнгөрсөн долоо хоногт "Нүхт"-д уулзсан байна. Тэд Л.Энх-Амгаланг Боловсрол, шинжлэх ухааны сайд болсонд баяр хүргэх зорилготой цугласан бөгөөд уулзалтаар хэд, хэдэн шийдвэрт хүрсэн гэх мэдээлэл байгаа юм. 

-САЙДАД ГОРИЛОГЧДООС ХОЁР ТЭРБУМЫГ НЭХСЭН ҮҮ-

Тус уулзалтад УИХ-ын гишүүн асан М.Энхболд, О.Содбилэг, Н.Амарзаяагаас эхлээд УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, С.Бямбацогт, Ё.Баатарбилэг гээд тус фракцид харьяалагддаг болон харьяалагдаж байсан бүх хүн очжээ. Уулзалтаар шинэ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг батлахдаа М.Энхболд, Сү.Батболдын бүлгийнхний санал, хүсэлтийг сонсож төлөөллийг хангалттай оруулаагүй. Хамгийн ноцтой нь сайдад горилогчдоос хоёр тэрбумыг нэхсэн байж болзошгүй хэмээн бухимдаж үүнд намын дарга У.Хүрэлсүхийгээ буруутган нэлээн шүүмжлэлтэй хандаж буйгаа хэлцгээжээ. 

Тухайлбал, Сангийн сайд болон Байгаль орчин аялал жуулчлалын сайдад горилсон эмэгтэй гишүүдээс хоёр тэрбумыг нэхсэн байж болзошгүй тул нэлээн гомдоллонгуй байгаа аж. Тиймээс сайдын албан тушаалаас жийгдсэн гомдогчид ч 32-ын бүлгийнхэнтэй нэгдэж магадгүй байгаа ажээ. 

Цаашлаад сүүлийн өдрүүдэд Сү.Батболдын нэр хүнд рүү чиглэсэн кампанит ажлыг Х.Баттулгатай МАН-ынхан нийлж явуулж байна. Энэ мэт МАН-ын хагарлыг У.Хүрэлсүх өөрөө хийж байна. УИХ-ын гишүүдийг хүн гэж үзэхээ ч больсон гэж гомдолжээ. Мөн зарим нэг нь У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнийн байх магадлалтай ноцтой бичлэг, Тэрэлж дахь үнэтэй үл хөдлөх хөрөнгийн мэдээлэл зэргийг нэгтгэж олон нийтэд цацах тухай ч саналыг гаргасан байна. Энэ бүхэн нь эцэстээ М.Энхболд болон Сү.Батболдын фракцынхан нийлж Засгийн газрыг МАН-ын 100 жил, Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа буюу ирэх намраас огцруулах акцыг ч эхлүүлэхэд хүргэж мэдэх уур амьсгалыг бүрдүүлжээ.  Тодруулбал, "Нүхт"-д болсон уулзалтын үр дүн ердөө МАН-ыг гүнзгий хагарал, хуваагдал руу аваачих ажиллагаа руу чиглэсэн гэсэн үг. 

-МАН-ЫН ДАРГА У.ХҮРЭЛСҮХ АМЛАЛТААСАА БУЦСАН УУ-

М.Энхболдын 32 –ны фракц МАН дотроо жин дардаг бол Сү.Батболдын “МГИМО” фракц тус намдаа гуравдагч хүчинд тооцогддог байна. Товхондоо Сү.Батболдын фракцинд Ч.Хүрэлбаатар, Д.Цогтбаатар, Ц.Мөнх-Оргил, М.Оюунчимэг нарын 12 УИХ-ын гишүүн харьяалагддаг гэх мэдээлэл бий. 

Улмаар Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг батлах үеэр МАН-ын дарга У.Хүрэлсүх үе, үеийн МАН-ын дарга нараа хүлээн авч уулзсан. Уулзалтад Сү.Батболд, М.Энхболд нар очсон. Уулзалтын үеэр У.Хүрэлсүх бүх фракцын төлөөллийг шинэ Засгийн газарт оруулна, МАН-ын 100 жил, Ерөнхийлөгчийн сонгууль өнгөртөл эвтэй байя гэх уриалгыг хэлсэн гэх. 

Гэтэл хэлсэн, ярьснаасаа буцаж тус фракцынхны төлөөллийг оруулаагүй нь дээрх яриаг яригдахад хүргэсэн бололтой.

Мөн тус уулзалтын үеэр У.Хүрэлсүх “Ерөнхийлөгчийн сонгуульд би дэвшинэ. Манай намын түүхт ой болно. Та бүхэнд санасан, бодсон зүйл бий бол эдгээрийн дараа л хийгээрэй” гэж захиасыг хүртэл хэлсэн гэх мэдээлэл байгаа юм. Ямартай ч Нүхт дэхь 32-ын бүлгийнхэн Л.Оюун-Эрдэнийн Засгийн газартай хариуцлага тооцно түүнд бэлтгэнэ гэх шийдэл хүрээд таржээ. Энэ нь У.Хүрэлсүхийн үл тоож, хуурсан үйлдэлтэй холбоотой аж. 

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа 3 жил байж чадна гэж та итгэж байна уу

Нийт: 720 саналтай