Бороо орох үеэр аюул дагуулж мэдэх цахилгааны утас, гэрлийн шонг засварлаж байна

Бороо орох үеэр аюул дагуулж мэдэх цахилгааны утас, гэрлийн шонг засварлаж байна

Улаанбаатар хотод сүүлийн өдрүүдэд усархаг бороо орсны улмаас энд, тэнд тогтоол ус их хэмжээгээр үүсч хүндрэл учруулах болоод байна. Энэ нь дан ганц иргэдийн хөдөлгөөнд саад учруулаад зогсохгүй эрүүл мэнд, аюулгүй байдалд заналхийлэх боллоо.

-ОН ГАРСААР ИЛ ЗАДГАЙ ЦАХИЛГААНЫ УТАСТАЙ ХОЛБООТОЙ 11 ДУУДЛАГА ИРЖЭЭ-

Тодруулбал, Улаанбаатар хотын гудамжинд харагдах бүх төрлийн цахилгааны ил задгай утас, гэрлийн шон, гэрлэн дохио зэрэг нь бороо орсны дараа иргэдэд аюул учруулж мэдэхээр байгаа юм. Тиймээс иргэд бороо орсны дараа гадуур явахдаа илүү болгоомжтой байх, тогонд цохиулахаас сэрэмжлэх хэрэгтэй байгаа юм. 

2018 оноос эхлэн ил задгай тог цахилгааны утсыг иргэдийн мэдээллийн дагуу янзалж, цэгцлэх болсон. Энэ ажил одоо ч үргэлжилж байгаа бөгөөд ил задгай цахилгааны утасны талаарх мэдээллийг шуурхай төвийн 310005 утсанд өгөхийг мэргэжлийн байгууллагууд сануулж байна.

Сүүлийн өдрүүдэд ил гарсан аюултай цахилгааны утсуудыг засах, иргэдийн гомдол мэдээллийн дагуу очиж шалгаж, засварлах ажлыг Улаанбаатар хотын засвар арчлалтын газраас хийж байгаа аж. 

-БОРООНЫ ТОГТООЛ УС БОХИРЫН ЦООНОГТОЙ ХОЛИЛДОЖ ХАЛДВАРТ ӨВЧИН ТАРААХ ЭРСДЭЛТЭЙ-

Олон өдөр үргэлжилсэн усархаг бороо орсны улмаас үер бууж эрүүл ахуй, стандартын шаардлага хангахгүй энгийн бие засах газар, бохирын цооногт байгаа өтгөн шингэн ялгадас, бохир ус урсч хөрс орчныг бохирдуулж байна. Энэхүү бохирлогдсон хөрс нь өвчин үүсгэгч бичил биетэн амьдарч үржих тохиромжтой орчин болдог бөгөөд цаашилбал хөрс, усыг  бохирдуулж улмаар хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл үүсгэдэг.

Мэргэжлийн хяналтын байгууллагын мэдээлснээр бохирдсон хөрсөнд халдварт өвчний нян удаан хугацаагаар амьдардаг аж. Тухайлбал, цусан суулга өвчний үүсгэгч  2-4 сар, балнадын нян 3 сар, кокк хэлбэрийн нян 1-2 сар, үршдэг нян хэдэн арван жил амьдарч гэдэсний балнад, цусан суулга, салмонолез, халдварт шар өвчин дэгдэлт хэлбэрээр гарах аюултай юм байна.

-ХҮЧТЭЙ ААДАР БОРООНЫ УЛМААС НИЙСЛЭЛД АВТОЗАМ ЭВДЭРЧ 4,7 ТЭРБУМЫН ХОХИРОЛ УЧИРЧЭЭ-

Нийслэлийн автозамын хөгжлийн газраас мэдээлснээр нийслэл хотод орсон хүчтэй, аадар борооны улмаас авто зам эвдэрч  4.7 тэрбумын хохирол учирчээ. Өнөөдрийн байдлаар 150 сая төгрөгийн засвар үйлчилгээ хийгээд буй . Тухайлбал,  усархаг борооны улмаас 1340 мкб замын нүхэн эвдрэл гэмтэлд засвар хийж 20 мянган мкб шороо хусч, 2300 тонн борооны ус соруулах ажил хийжээ. Албаны хүмүүсийн хэлснээр авто замын эвдрэл гэмтэл үүсэх, ус тогтоход гэр хорооллын айл өрхүүд хашаа тэлж барьснаас үүдэн нөхцөл байдал хүндрэх нэг шалтгаан болжээ. Борооны улмаас үүссэн автозамын эвдрэл гэмтэл, ус зайлуулах байгууламжийн нөхцөл байдлын талаар Нийслэлийн онцгой комиссын  ажлын хэсэг хуралдаж стандартын шаардлага хангахгүй даланг хүлээж авсан албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэхээр болсон.

Мөн үерийн даланг хааж иргэн, аж ахуй нэгж барилга барьдаг нь эргээд хотоороо усанд автах аюул дагуулж байгаа уччраас барилга барих зөвшөөрөл олгосон даргад мөн хариуцлага ногдуулах нь зүй.