Засгийн газраа шүүмжилсэн Ираны реппер Тоомаж Салехид цаазын ял оноожээ

Засгийн газраа шүүмжилсэн Ираны реппер Тоомаж Салехид цаазын ял оноожээ

Өөрийн уран бүтээлээрээ дамжуулан Засгийн газраа шүүмжилсэн Ираны реппер Тоомаж Салехид цаазын ял оноосон хэрэг гарчээ. Энэхүү шийдвэрийг эсэргүүцсэн олон мянган хүн өнгөрсөн бямба гарагт Лондоны Даунинг гудамжинд цугларч "Томаж Салехи- реп дуулснаар цаазын ял авсан" гэх  бичиг бүхий лоозон барин зогссон байна.

Салехи 2022 онд амиа алдсан Махса Аминигийн эрхийг хөндсөн талаар дуулж, засгийн газраа шүүмжилсэн бөгөөд Махса Амини хижаб зохисгүйгээр өмссөн хэрэгт баривчлагдаж, цагдаагийн байцаалт өгч байхдаа амиа алдаж байсан юм.

Салехигийн өмгөөлөгч Лхагва гаригт  Ираны "Shargh" сонинд "Хувьсгалт шүүх  урьд өмнө хэзээ ч байгаагүй алхам хийж, дээд шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлээгүй. Салехид хамгийн хатуу шийтгэл оноолоо" гэж мэдэгджээ. Салехи шийдвэрийг давж заалдах 20 хоногийн хугацаатай ба "Бид энэ шийдвэрийг давж заалдах болно" гэж түүний өмгөөлөгч мэдэгдэв.

Салехийг дэмжсэн жагсаал дэлхий даяар, тэр дундаа Испани, АНУ, Австралид болж байна. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр "#FreeToomaj" аян "X" зэрэг платформ дээр трэнд болж, хэрэглэгчид Салехиг нэн даруй суллахыг уриалж байгаа аж.