Б.Жаргалсайхан: Гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүй бол нотлох баримтыг олж авч бэхжүүлэх ажиллагаа зогсонги байдалд орно /LIVE/

Б.Жаргалсайхан: Гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүй бол нотлох баримтыг олж авч бэхжүүлэх ажиллагаа зогсонги байдалд орно /LIVE/

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарыг "нүүрсний" гэх хэрэгт яллагдагчаар татаад буй.

Харин өнгөрсөн долоо хоногт Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан эдгээр гурван УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж шалгах шаардлагатай гэсэн албан бичгийг УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн байдаг. Тэгвэл хуулийн дагуу өнөөдөр УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хуралдаанаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр Ерөнхий прокурор Б.Жаргалсайханаас гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах зайлшгүй шаардлагатай эсэхийг тодрууллаа.

LIVE: 

Тэрбээр "Нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг өнгөрсөн баасан гарагт оруулж ирсэн. Т.Аюурсайханы үндэслэлгүй хөрөнгөжих, зохион байгуулалттай бүлэг байгуулсан үндэслэлээр 11 хүнтэй уулзах хязгаарлалт тогтоосон. Мөн нэг хүнийг яллагдагчаар татсан. 119 хүнийг гэрчээр асуусан. 

Харин Д.Бат-Эрдэнэ гишүүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж яллагдагчаар татсан. Үүнтэй холбоотойгоор нийт 16 хөрөнгийг битүүмжилж, 60 хүн гэрчээр асуусан. Үүнтэй холбоотойгоор тодорхой гишүүдийг мөрдөх шалгах ажиллагаа явагдах гэж байгаа учраас мөрдөх байгууллагад ажиллах боломжийг олгох үүднээс гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал оруулж байгаа юм. Хэрэв түдгэлзүүлэхгүйгээр мөрдөн шалгах ажиллагаа хийх нь шалгаж байгаа мөрдөгч болон хяналт тавьж байгаа прокурорт эрсдэл үүснэ. Учир нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гишүүдийн хамаарал бүхий аль нэг объектод нэгжлэг хийх шаардлага гарч, нэгжлэг хийсэн тохиолдол энэ нь УИХ-ын гишүүний халдашгүй эрхэнд халдсан гэх үндэслэлээр хууль бус болдог.

Тиймээс ийм шаардлага үүсэх магадлалтай байгаа учраас мөрдөн шалгах байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулах боломжоор хангах гэж нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг оруулсан. Өдгөө мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учраас гишүүд гүтгэгдэж байна гэх асуудал ярих нь зохисгүй юм.

Хэрэв гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүйгээр мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилвэл мөрдөн шалгах ажиллагаанд саад учирна. Нотлох баримтыг олж авч, бэхжүүлэх ажиллагаа зогсонги байдалд орж, саад учирна. Тиймээс л гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг оруулж байгаа юм" гэлээ. 




Өнөөдөр морь өдөр

1 цагийн өмнө