Завханы удирдлагууд "Хэмнэлтийн тухай хууль" зөрчиж, 60 саяар фитнесийн тоног төхөөрөмж худалдан авчээ

Завханы удирдлагууд "Хэмнэлтийн тухай хууль" зөрчиж, 60 саяар фитнесийн тоног төхөөрөмж худалдан авчээ

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан хэдхэн сарын өмнө "Завхан аймгийн төрийн албан хаагчдыг илүүдэл жинтэй. Тиймээс төсвийн мөнгөөр тураах хэрэгтэй байна" гэсэн нь олны шүүмжлэлийг дагуулсан билээ.

ВИДЕО: 

Эргэн сануулахад, тэрбээр энэ оны зургадугаар сарын 10-ны /2022.06.10/ өдрийн Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдааны үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболдод хандаж “Би танд бичиг явуулаад одоо ямар ч хариу алга. Завхан аймгийн бүх төрийн албан хаагчид илүүдэл жингээсээ салъя. Наадам хүртэл гурван сарын хугацаанд шим тэжээл судлаачдыг аваачаад зөв зохистой хооллолтыг заалгаад, илүүдэл жингээсээ салаад яаж эрүүлждэгийн ард иргэддээ харуулж үлгэр дуурайлал болоод явъя гэсэн. Өнөөдөр энд зарцуулах нэг төгрөг нь ирээдүйд хавдраар өвчлөхөд зарцуулахаас хамаагүй илүү үр дүнтэй ажил байхад хэдэн тэрбумаар нь хавдарт зориулчихсан мөнгөнөөсөө 70, 80-хан сая төгрөгийг 78 мянган хүнтэй аймагт хуваарилж чадахгүй л байгаа байхгүй юу” гэсэн юм. 

-60 САЯЫН ФИТНЕСИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИД БИЛЛИАРДЫН ШИРЭЭ БАГТЖЭЭ-

Тэгвэл Завхан аймгийн зарим төрийн албан хаагчид тус аймгаас УИХ-д сонгогдсон Б.Баярсайхан гишүүний хэлсэнчлэн илүүдэл жингээсээ салахаар 60 сая төгрөгөөр фитнесийн тоног төхөөрөмж худалдан авахаар болжээ.

Тодруулбал, Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргын Тамгын газраас энэ оны наймдугаар сар /2022.08/-д Иргэний хөгжлийн төвийн “Фитнес тоног төхөөрөмж, өрөөний тохижилтын тавилга” нийлүүлэх ажлын тендер зарласан байх аж.

Тус тендерийн баримт бичигт дурдсанаар фитнес төвийн тохижилтод зориулж, пүүл биллиардын ширээ, теннис ширээ, фитнес хэвтээ шахалтын төхөөрөмж, фитнес суултын төхөөрөмж, гүйлтийн зам, өрөөний тохижилтод зориулж ширээ, сандал, шкаф, хувцасны өлгүүр зэргийг авна гэжээ. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр худалдан авалт хийгдэх тус цахим тендерт "Тэлмүүнсанаа Маралгэрэл" гэх компани шалгарсан байх аж. Хачирхалтай нь тус байгууллагын мэдээлэл Улсын бүртгэлийн нэгдсэн санд байхгүй байгаа юм.

Жагсаалт

Энэ оны дөрөвдүгээр сарын 29-ны өдөр батлагдсан Төрийн хэмнэлтийн тухай хуульд орон нутгийн бүх төрлийн сангийн хөрөнгө хамаарна гэж заажээ. Хуулийг ЭНД ДАРЖ уншина уу. Өөрөөр хэлбэл орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр худалдан авалт хийгдэх зүйлс ч хэмнэлтийн хуульд захирагдах учиртай. 

Гэтэл Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргын Тамгын газар орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө болох 60 сая төгрөгөөр фитнесийн тоног төхөөрөмж худалдан авахаар болсон нь анхаарал татаж буй юм. Улмаар энэ нь төсвийн хөрөнгөөр төрийн албан хаагчдыг “тураах” хүсэлтэй Б.Баярсайхан гишүүний хийж буй ажил юм биш биз гэх хардлагыг төрүүлж байна. Ямартай ч улсын төсвийн хөрөнгөөр Завхан аймгийн төрийн албан хаагчдыг тураана гэгдэж байсан Б.Баярсайхан гишүүний яриа ийнхүү Завхан аймгийн Их-Уул суманд хэрэгжиж, тус сумын төрийн албан хаагчид фитнесээр хичээллэж, илүүдэл жингээсээ салах нь.