Ерөнхийлөгчийн "Тэрбум мод"-ны тоог гүйцээхийн тулд Сэлэнгийн ойг сүйтгэх нь

Ерөнхийлөгчийн "Тэрбум мод"-ны тоог гүйцээхийн тулд Сэлэнгийн ойг сүйтгэх нь

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг өрнүүлэх санаачлага гаргаж, аж ахуйн нэгжүүд мод тариад эхэлсэн.

Гэсэн ч эл модыг ойгоос шилжүүлэн суулгаж байна гэх шүүмжлэл цахим сүлжээнд газар авч байсан цаг саяхан. Гэвч үүнийг Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас үгүйсгэж, мод шилжүүлэн суулгах асуудал байхгүй. Энэ тал дээр Экологийн цагдаагийн газартай хамтран ажиллаж байгаа талаар мэдээлж байсан билээ. 

Тэгвэл байдал газар дээрээ өөр байгаа аж. Тодруулбал, энэ талаарх сурвалжлагыг Эргэлт.мн мэдээллийн сайт бэлтгэжээ. Тус сайтын мэдээлснээр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын ой модноос 2000 гаруй модыг сугалж, аваад явсан байна. Ингэхдээ ойн гүнээс бус, захаас нь зулзгана моддыг хуу хамсан болохыг онцолжээ. 

Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Хүдэр сумаас мод шилжүүлэн суулгах зөвшөөрлийг Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас таван компанид олгосон байна. Тодруулбал, “Тод газар”, “Энх ногоон газар” “Амьд төгөл” “Амьд газар” “Форест докторс” гэсэн таван компанид зөвшөөрөл олгосон аж. Эл таван компанид Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас зөвшөөрөл олгохдоо хэд хэдэн үүргийг хүлээлгэсэн гэх.

Түймрийн зурвас байгуулах, шигүү ургасан газрыг сийрэгжүүлэх үндэслэлээр газраа сонгож, шилжүүлэн суулгалт хийлгэсэн. Эл ажлыг сумын байгаль хамгаалагч хариуцаж, газар дээр нь хяналт тавьж ажилласан талаар ч албаны хүн өгүүлжээ. 

Гэвч бодит байдал дээрээ зөвшөөрөл нэрийн дор зулзаган мод бэлтгэж, "Тэрбум мод"-ны тоог гүйцээх гэж байгаа бололтой.