Оюу толгойн асуудлаар гаднын зохицуулагч байгууллагатай хамтран ажиллаж буй зарим хүн манай улсад иржээ

Оюу толгойн асуудлаар гаднын зохицуулагч байгууллагатай хамтран ажиллаж буй зарим хүн манай улсад иржээ

-ГҮНИЙ УУРХАЙН ЗАРДАЛ НЭМЭГДЭЖ, ХУГАЦАА ХОЙШИЛСОН МЭДЭЭЛЛИЙГ ӨГНӨ -

Оюутолгойн асуудлаар гадны зохицуулагч байгууллагатай хамтран ажиллаж буй зарим хүн манай улсад ирээд байгаа аж. Тэд Монгол Улсын зохицуулагч байгууллагатай уулзаж гүний уурхайтай холбоотой асуудал болон Рио Тинто компани алдаатай менежмент хэрэгжүүлсэн байж болзошгүй асуудлаар мэдээлэл өгч магадгүй аж. Манай талаас тэдэнтэй уулзаж зардал нэмэгдэж, хугацаа хойшилсон бодит шалтгааны талаарх нарийн баримт, мэдээллийг авахаар ажиллаж байгаа юм байна. 

“Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах Засгийн газрын ажлын багаас өнгөрсөн долоо хоногт /2021. 08.09/ мэдээлэл хийсэн. 

Мэдээллээр Оюу толгой төслийн зардал нэмэгдэж, хугацаа хойшилсон асуудлыг дэлхийд нэр хүндтэй хөндлөнгийн шинжээчид судалж дууссан бөгөөд эцсийн дүгнэлтийг Оюу толгой ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн Тусгай хороонд ирүүлснийг мэдэгдсэн. Тус дүгнэлтээр гүний уурхайн бүтээн байгуулалтын төслийн зардал нэмэгдэж, хугацаа 22 сараар хойшилсон асуудалд геотехникийн асуудлууд нөлөөлөөгүй гэсэн дүгнэлт гарсан байдаг. 

Харин тус төслийг хэрэгжүүлэгч Рио Тинто компанийн зүгээс урьд нь хэд хэдэн удаа геотехникийн буюу урьдчилан харах боломжгүй хөрсний чулуулгийн нөхцөл байдлаас үүдсэн гэсэн тайлбарыг өгсөөр байсан юм.

-ЗАРДАЛ НЭМЭГДЭЖ, ХУГАЦАА ХОЙШИЛСОН АСУУДЛЫГ НУУН ДАРАГДУУЛАХЫГ ОРОЛДОЖ БАЙСАН УУ-

 Рио Тинто компани өмнө нь яагаад өөр тайлбар өгч байсан нь анхаарал татаж буй. Уг асуудлаар Засгийн газраас холбогдох тайлбар, мэдээллийг Рио Тинто компаниас хүсээд буй. 

“Financial Times”, “The Wall Street Journal” зэрэг гадаадын хэвлэлээр гарсан мэдээллээс харвал төсөл хойшилсон шалтгааныг Рио Тинто компани нуун дарагдуулсан байж болзошгүй байгаа юм. Тухайлбал, АНУ-ын шүүхэд нэхэмжлэл гаргасан Пэнтвуотер Капитал Менежментийн нэхэмжлэлд зардал нэмэгдэж, хугацаа хойшилсон нь төслийн менежмент болон худалдан авах ажиллагаатай холбоотой асуудлаас шалтгаалсан талаар дурьджээ. Түүнчлэн, Рио Тинто компани мэдээлэл ил болгохтой холбоотой үүргээ зөрчсөн байж болзошгүй асуудлыг Америк болон Их Британийн хууль, санхүүгийн зохицуулагч байгууллагууд шалгаж байгаа талаар мэдээлэл гарсан байна.