Боловсрол, шинжлэх ухааны яам төсвөө цахимд шилжүүлж тэрбум төгрөг хэмнэлээ

Боловсрол, шинжлэх ухааны яам төсвөө цахимд шилжүүлж тэрбум төгрөг хэмнэлээ

Боловсрол, шинжлэх ухааны яам төсвөө цахим хэлбэрт шилжүүлж, нээлттэй ил тод болгох ажлыг эхлүүлж байгаагаа өнөөдөр зарлалаа. Цахим системтэй болсноор БШУ-ны салбарын байгууллагууд жил бүрийн улсын төсвийн төслөө цаасаар хэвлэн, салбар яам руугаа илгээх шаардлагагүй болж байгаа ажээ. Энэ талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, Сангийн сайд Б.Жавхлан нар мэдээлэл хийлээ.  

-Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан: Төрийн үйлчилгээг цахим болгох хамгийн том зорилтыг хэрэгжүүлэх байгууллагуудын нэг бол Боловсрол шинжлэх ухааны салбар юм. Иймд Сангийн сайд Б.Жавхлантай хамтарсан ажлын хэсэг гарган БШУЯ-ны төсвийн шинэчлэлийг эхлүүлж байна. Энэхүү ажлын эхний үр дүн бол боловсролын салбарт анх удаа төсвийн байгууллагуудаас цахимаар төсвөө цахимаар авахаар болж байна. Монгол Улсын төрийн албаны шинэчлэл, төсвийн шинэчлэл яагаад боловсролоос эхлэх ёстой вэ гэдэг үндэслэлүүд байгаа. Нэгд, боловсролын салбарт нийт төрийн албан хаагчийн 50 гаруй хувь нь ажилладаг. Хоёрт, боловсролын салбарт зарцуулж байгаа мөнгө нь 1.7 их наяд төгрөг буюу манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний зургаан хувьтай тэнцэх хэмжээтэй. Мөн Монгол Улсын урсгал зардлын 20 хувь юм. Манай салбарт хийгдэж байгаа хөрөнгө оруулалт жилд 300-400 орчим тэрбум төгрөг байдаг бол Монгол Улсын нийт төсвөөр хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын 60-70 хувь байна. Ийм том тоотой хөрөнгийг захиран зарцуулдаг салбар учраас төсвийн шинэчлэл нь Монгол Улсын төсвийн шинэчлэл хийхэд томоохон хэсэг нь болох юм. Боловсролын салбарт ирж байгаа 1.7 их наяд төгрөг өнөөдөр яг сурагчдад ногдож байна уу. Сурагчдын сурлагын амжилт, ахицад нөлөөлж байна уу. Сайн үр дүнтэй ажиллаж байгаа багш нарын цалин урамшууллын системд холбоотой байна уу. Өнөөдөр 300-400 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт дээрх зүйлд шууд зарцуулагдаж чадаж байна уу гэдэг олон асуудал байгаа. Тийм учраас өнөөдрийн цахимаар хийж байгаа энэ төсөв бол дээрх асуултад хариулт болох анхны алхам болно гэж бодож байна. Зөв төсөв байж, зөв бодлого байна. Зөв бодлого байж, зөв үр дүн гарна. Бид бүх зүйлийг төсвөөр удирдах ёстой.

Боловсролын салбарын төсвийг хийнэ гэдэг өөрөө маш их цаг хугацаа шаардсан ажил байдаг юм байна. Учир нь манай салбарт нийт 2500 гаруй байгууллага бий. Бид гурван сарын турш ажиллаж, мэдээллээ ил тод болголоо. Боловсролын салбар цахимаар төсвөө хийх болсноор асар богино хугацааны дотор одоогийн жилд гаргаж байгаа зардлаа тэрбум төгрөгийн хэмнэж байна” гэлээ.

Сангийн сайд Б.Жавхлан: Л.Оюун-Эрдэнэ сайдын Засгийн газрын хамгийн их анхаарч буй чиглэл бол төрийн албыг цахимжуулах ажил юм. Өөрөөр хэлбэл, төрөөс ард иргэдэд үзүүлж байгаа төрийн үйлчилгээний чанар ил тод байдал, хүртээмжийг сайжруулах, төсвийн нэг төгрөг бүрийг төрөөр дамжуулан төрийн үйлчилгээний чанарт зориулах юм.

Улсын төсвийн дийлэнхийг буюу 75 хувийг боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал гэсэн гурван салбарт зарцуулдаг. Үе үеийн Сангийн сайд нар төсвийн шинэчлэлд анхааран ажилласан. Тэгэхээр төсвийн шинэчлэлийг хийхийн тулд дээрх гурван салбарын төсвийн шинэчлэл хийх нь хамгийн чухал. Энэ ажилд хамтран ажилласан БШУ-ны салбарынханд талархал илэрхийлж байна.

Боловсролын үйлчилгээг ил тод болгосноор илүү хүртээмжтэй, гүйцэтгэл сайтай болоход бидний ажил чиглэсэн. Боловсролын салбарын төсвийн шинэчлэлийн амин сүнс нь тус салбараас үзүүлж байгаа боловсролын үйлчилгээний чанар, хүртэмжид суурилсан санхүүжилт олгохыг чухалчилсан. Санхүүжилтийг илүү оновчтой хийх, зардлаа төлөвлөх боломж бүрдлээ. Монгол төрийн үндсэн зорилго боловсролтой монгол хүн юм. Хүүхдийн сурлагын амжилтыг хэмжихэд энэ систем дэмжлэг болно. Цаашид ерөнхий боловсролын сургууль цэцэрлэг нь аймаг, нам, танил талаараа яриа хөөрөөгөөр төсвөө нэмүүлдэг биш, харин хэдэн хүүхэд сургасан, чанарыг хэрхэн сайжруулсан бэ гэдгээрээ санхүүжилтээ авдаг түүгээрээ суралцахын үр дүн сайжруулдаг менежментийн үйл ажиллагаагаар хагас бие даасан боллоо. Боловсролын үнэлгээний тогтолцоог ч шинэ түвшинд гаргана. Сангийн яам цаашид бусад салбаруудын төсвийг шинэчлэхэд хамтран ажиллах болно.