Б.Уртнасан: “Барс” захын ойролцоо хамгийн сүүлд явж байсан нь миний өвөө мөн байсан

2020-12-31 07:35

Б.Уртнасан: “Барс” захын ойролцоо хамгийн сүүлд явж байсан нь миний өвөө мөн байсан

Манай улс дотооддоо халдвар алдаж, нөхцөл байдал хүндхэн байгаа хэдий ч хүн бүр шинэ оноо гэр бүлийнхэнтэйгээ хамт гаргахаар догдлон буй. Улаанбаатар хотод ирэх оны нэгдүгээр сарын 6-ны өдрийг хүртэл бүх нийтийн бэлэн байдлын зэрэг тогтоосон ч баярын бялуу, ууттай хүнсээ барьсаар гэр гэрийн зүг яарах хүмүүс олон харагдана.

Харин энэ цаг мөчид нэгэн гэр бүл л баярын уур амьсгалыг мартаж, гэр бүлийнхээ нэгэн хайрт гишүүнийг олох гэж зүдрэн, эрж хайсаар, итгэл найдвар тээсээр яваа. Тэд өнгөрсөн арав гаруй хоногийг дэн дун өнгөрөөж, өвөө минь амьд сэрүүн байж, үр хүүхэд бидэндээ түргэхэн олдоосой гэж залбирсаар байгаа аж.

Тэдэнтэй хамт монголын мянга мянган иргэд ч санаа зовнин, дор бүрнээ хурдан олдоосой гэх бодол тээн цахим орчинд алга болсон өвөөгийн талаар мэдээлэл түгээцгээнэ.

Гэвч өнгөрсөн арав гаруй хоногт өвөөгийн талаар баттай сураг ажиг дуулдсангүй. Өвлийн тэсгим хүйтэн өдрүүдэд хаана, юу хийж явааг нь хэн ч мэдэхгүй, төсөөлж ч чадахгүй сууна. 83 настай Д.Дүүрэн гуай арванхоёрдугаар сарын 15-нд гэрээсээ гараад, төөрч сураггүй болжээ. Үр хүүхдүүд нь өнгөрсөн хугацаанд өдөр алгасалгүй эрж, хайж буй хэдий ч одоог хүртэл олдоогүй байна. Бид эрлийн ажиллагаанд жаахан ч гэсэн тус дэм болох үүднээс алга болсон Д.Дүүрэн өвөөгийн зээ охин Б.Уртнасантай холбогдож энэ талаар дахин мэдээллэж, эрлийн ажиллагааны явцын талаар ярилцлаа.

-ӨНГӨРСӨН ХУГАЦААНД УЛААНБААТАР ХОТЫГ БҮРЭН САМНАЖ ХАЙСАН.
ХӨЛ ХОРИОНЫ ҮЕД ИНГЭЖ ИХ ХАЙЖ БАЙХАД ОЛДОХГҮЙ БАЙГААГ НЬ ЦАГДАА НАР ХҮРТЭЛ ГАЙХАЖ БАЙСАН-

-Д.Дүүрэн гуай сураггүй болоод арав гаруй хоночихлоо шүү дээ. Өнгөрсөн хугацаанд эрлийн ажиллагааг ямар байдлаар зохион байгуулж байв?

-Тийм ээ, өнгөрсөн хугацаанд цагдаагийн байгууллагатай хамтран нэг ч өдөр алгасалгүй хайж байсан. Хайхдаа хэсэг хэсгээрээ хуваагдан явсан байж болзошгүй газруудаар нь мөн хамгийн сүүлд явсан гэх баттай газраар нь хайсан. Бараг хотыг бүхэлд нь самнаж хайж байна даа.

-Цагдаагийн бие бүрэлдэхүүн болон гэр бүлийнхэн нь нийлээд хэд орчим хүн хайж байгаа вэ?

-Цагдаагийн байгууллагаас бол хоёр хүн хамтарч хайж байгаа. Гэр бүлийнхний хувьд бол их олуулаа хайж байна л даа. Яг нарийн тоо хэлж чадахгүй байна. Үүнээс гадна фейсбүүкээр холбогдож, тусалж дэмжиж хамт хайж байгаа хүн маш их байна. Бүгдэд нь их баярлаж байгаа.

-Улаанбаатар хотыг самнах байдлаар хайж байгаа юм байна. Одоогоор аль хэсгүүдэд хайгаагүй вэ?

-За бараг л хайгаагүй үлдээсэн хэсэг байхгүй болчихлоо шүү дээ. Улаанбаатар хотын нэг захаас нөгөө зах хүртэл хайж үзсэн. Цагдаа нар хүртэл гайхаж байсан. Хөл хорионы үе, дээрээс нь ингэж хайж байхад олдохгүй байдаг гээд.

-Сүүлд Төмөр замын ойролцоо алхаж явсан нь камерын бичлэгт үлдсэн байдаг. Түүнээс хойш ямар нэгэн баттай сураг гарсан уу?

-Түүнээс хойш ерөөсөө баттай сураг гараагүй. “Барс” захын тэр хавьд л хамгийн сүүлд явж байсан нь миний өвөө мөн байсан. Өдөр бүр хүмүүсээс энд харлаа, тэнд харлаа гэсэн мэдээлэл хүлээж авдаг. Очоод тэр хавийнх нь камерын бичлэгийг шүүж үзээд, хүмүүсээс асуухад биш болж таардаг. Хүмүүс дандаа өөр хөгшин хүмүүстэй андуураад байх шиг байна. Хөгшин настай хүмүүс чинь хоорондоо их адилхан болчихдог юм байна. Алхаа гишгээ, явж байгаа нь хүртэл.

-Цахим орчинд явж буй зарим мэдээллээс харахад нимгэн хувцас, пүүзтэй гарч явсан гэсэн байсан?

-Тийм ээ, пүүзэн гуталтай гарч явсан байсан. Гэхдээ бусдаар бол зузаан хувцасласан байсан. Гадуур хувцас нь өвлийнх. Бас дотуураа нэг биеийн тамирын өмд, нэг дотуур өмд, жинсэн өмд өмссөн байна лээ. Бид нар хувцасыг нь шалгаж үзсэн юм.

-ӨВӨӨГИЙН ТӨРСӨН ОХИН НЬ АМЕРИКАД БАЙДАГ, ТӨРӨӨД УДААГҮЙ, НЯЛХ БИЕТЭЙ ХҮН БАЙГАА. ТЭР ЭГЧ МИНЬ ГАЛЗУУРАХААС НААГУУР МАШ ХҮНД БАЙДАЛД БАЙНА-

-Улаанбаатар хотод тогтоогоод байгаа хөл хорио эрлийн ажиллагаанд саад учруулж байна уу?

-Ер нь бол саад учруулах нь их бага байгаа. Цагдаа нар цаанаасаа мэдээлэл авчихдаг юм шиг байгаа юм. Хэлэхэд мэдээд л явуулаад байгаа. Ганц, хоёр цагдаа л үнэн эсэхийг нь асууж, тодруулж байсан. Түүнээс биш ихэнх нь бидний шалтгаан, нөхцөл байдлыг хүндэтгээд явуулж байгаа. Тэр цагдаа нартаа баярлалаа гэж хэлье.

-Д.Дүүрэн гуай анх гэрээсээ ямар ажлаар гарч явсан юм бэ, тэр өдрөө хэнтэй хамт байсан юм бол?

-Тэр үед яг ямар шалтгаанаар гарсан нь тодорхойгүй байгаа. Өвөө маань ганцаараа байдаг юм. Бид харин ойр ойрхон очиж, эргэж тойрч, хувцас хунар, хоол хүнсийг нь бэлдэж өгдөг. Тэр өдөр яг яах гэж, хэдэн цагийн үед гарсныг нь бид огт мэдэхгүй байна.

-Анх алга болсон гэдгийг нь яаж мэдсэн бэ, хэзээ цагдаагийн байгууллагад мэдэгдэв?

-Өвөө маань эмээгийнд ойр ойрхон очдог байсан юм. Тэгээд тэр өдрөө очоогүй, гэртээ байхгүй байна гээд бид хоорондоо утсаар ярилцаад мэдсэн. Өмнө нь өвөө маань хэд хэдэн удаа гэрээсээ гарч яваад төөрсөн тохиолдол бий. Тухайн үед цагдаагийн байгууллагаас яриад очиж авч байсан. Тэгээд алга болсон арванхоёрдугаар сарын 15-ны өдөр цагдаагаас залгаж магадгүй гээд харсан. Хоёр хоног хараад хэнийд нь ч очихгүй байсан болохоор арга буюу цагдаад мэдэгдсэн.

-Удахгүй шинэ он гарах гэж байна. Та бүхэн өвөөгөө хурдан олоод, хамтдаа шинэ оноо гаргахыг юунаас ч илүү хүсэж байгаа байх?

-Тэгэлгүй яахав, өвөөгөө хурдхан олоод, хамтдаа шинэ оноо гаргахыг чин сэтгэлээсээ хүсэж байна. Манай гэр бүлийнхэнд маш хүнд байна. Өвөөгийн төрсөн охин нь Америкад байдаг юм. Төрөөд удаагүй, нялх биетэй хүн байгаа. Энэ мэдээг сонсоод хамгийн хэцүү байгаа хүн. Бүр галзуурлын байдалтай л байх шиг байна лээ.

-Ярилцсанд баярлалаа. Өвөө нь хурдан олдох болтугай.