Өмнөговь аймгийн Цогтцэцийн төвд энэ сарын 17-нд тус сум дахь бетон зуурмагийн үйлдвэрийн сахиулаар ажиллаж байсан, Дорноговийн харьяат Б гэх хүн цаг бусаар нас баржээ. Үүний дагуу цагдаагийнхан шалгахад тэрбээр гаднын нөлөөтэй амиа алдсан болох нь тогтоогдсон байна.
Улмаар шүүх эмнэлгийн шинжээч нарын хамт цогцост нь үзлэг хийхэд шалбарч, зулгарсан, зарим яс нь хугарсан, дотор эрхтэн гэмтсэн нь тогтоогдсон байна.
Тиймээс Өмнөговь аймгийн Цагдаагийн газрынхан нарийвчилсан шалгалт хийж, түүнтэй уулзсан хоёр хүнийг олж тогтоон байцаахад тэдний нэг нь автомашинтай хүн талийгаач Б-г согтуу унтаж байна гээд хүргэж ирсэн гэж мэдүүлжээ. Ингээд энэ дагуу эрэн сурвалжлах ажиллагаа явуулснаар Цогтцэций сумын харьяат А гэх эр машинаа ухрааж байгаад хохирогчийг мөргөж, хөнөөгөөд тухайн өдөр нь гудамжинд халамцуу явсан хоёр хүнд үлдээн ул мөрөө баллахыг оролдон зугтсан нь тогтоогдсон байна. Өдгөө шалгалтын ажиллагааг Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрынхан үргэлжлүүлж байна.