Өнгөрсөн гуравдугаар сард АНУ-ын тэнгисийн флотын USS Theodore Roosevelt нисэх онгоц тээвэрлэгч хөлөг дээр коронавирусийн халдвар тарж, ахмад нь төвөөсөө тусламж гуйж байв.
Тухайн үед хөлгийн нийт 4,900 усан цэргээс 1,000 гаруй нь халдвартай гарч байжээ. Пентагон хөлгийг Номхон далайн Гуам аралд зогсоож, бүх усан цэргийг эрэгт буулган тусгаарлаж байв. 14 хоногийн дараа халдвар илрээгүй усан цэргүүдийг хөлөгт нь буцааж, эмчлүүлээд эдгэрсэн цэргүүдийг хоёр дахин шинжилсний дараа дахин хөлөг рүү илгээж эхэлсэн юм.
Гэтэл эдгэрээд буцсан усан цэргүүдээс тав нь дахин халдвар авсан тухай Пүрэв гарагт Нью Йорк Таймс сонин мэдээлжээ.
“Өмнө нь Covid-19 өвчний халдвар авч, эмчлүүлсний дараа эдгэрээд буцсан таван усан цэргийн шинжилгээний хариу эерэг гарлаа. АНУ-ын эрүүл мэндийн байгууллагын стандартын дагуу тэднийг шинжлээд эдгэрснийг тогтоож байсан юм” гэж тэнгисийн флотын хэвлэлийн төлөөлөгч Майерс Васкез ярьжээ.
Усан цэргүүдийг даруй хөлгөөс буулгаж, тэдэнтэй ойр байсан бусад 18 цэргийг мөн тусгаарласан байна. Эхний дүгнэлтээр хөлөг дээр шинэ халдвар дэгдээгүй, харин оношлогооны хариу алдаатай гарсан байх магадлалтай гэж албаныхан үзэж байгаа аж.
Өчигдрийн байдлаар USS Theodore Roosevelt хөлөг дээр 2,900 гаруй усан цэрэг байрлаж байна.
Эх сурвалж: CNN