БНЭУ /Энэтхэг/, БНХАУ /Хятад/-ын хилийн харуулын 20 гаруй цэрэг хоорондоо зодолдож, 11 хүн гэмтсэн талаар бид өмнө мэдээлсэн.
Тодруулбал, Хятадтай хиллэдэг Энэтхэгийн Сикким мужийн Наку Ла бүсийн ойролцоо өнгөрөгч амралтын өдрөөр хоёр талын цэргүүд хоорондоо зөрчилдсөнөөр долоон Хятад, дөрвөн Энэтхэг цэрэг гэмтсэн юм.
Учир нь Энэтхэг, Хятад улсууд нь 4300 км газрын хилийн зурваст маргаантай байдаг аж. Улмаар хоёр орны хилийн харуулуудын хооронд түлхэлцэх, чулуу шидэлцэх зэрэг зөрчил үе, үе гардаг байдаг.
Тэгвэл энэ маргааны талаар Энэтхэг улс "Хятадтай хилийн цэс дагуу энх тайван, тогтуун байдал хэрэгтэй" гэдгийг онцолж, дээрхи мөргөлдөөн нь хяналтын шугам дээрхи ойлголтын зөрүүтэй байдлаас гарсан гэж мэдэгджээ. Мөн Энэтхэгийн армийн командлагч, генерал М.М.Нараване хэлэхдээ "Энэтхэгийн цэргүүд хилийн цэс дагуу үргэлж энх тайван, тогтуун байдлыг эрхэмлэж ирсэн" гэжээ. Мөн Энэтхэгийн Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Анураг Сривастава “Энэтхэг, Хятадын хил орчмын бүс нутагт энх тайван, тогтуун байдлыг тууштай баримтлаж байна" гэж мэдэгдсэн байна.