Японы Ерөнхий сайд Абэ Шинзо 47 мужийн 39-т тогтоосон онцгой байдлын дэглэмийг пүрэв гарагт цуцалжээ. Ингэснээр шинэ коронавирусийн халдвар тархалтыг хяналтад авсан мужуудад бизнесийн үйл ажиллагааг аажмаар сэргээх боломжтой болжээ.
Харин Токио, Осака зэрэг хотын бүс нутагт халдварын шинэ тохиолдлын тоо үргэлжлэн буурч, эмнэлгийн ачаалал багасах хүртэл онцгой байдал зарласан хэвээр байж, хүмүүсийг гэрээс гарахгүй байхыг уриалах ажээ.
Абэ Шинзо онцгой байдлыг цуцлах шийдвэрийг танилцуулах үеэрээ, 39 мужид халдвар нэмж тархахаас урьдчилан сэргийлэх боломжтой болсныг тэмдэглээд, шаардлагатай эмнэлгийн тусламж үзүүлж, вирусний шинжилгээ хийх хүчин чадал эдгээр мужид бий гэдгийг онцолсон байна.
Онцгой байдлын дэглэмийг цуцалсан мужуудаас халдварын олон тохиолдол бүртгэгдсэн Ибараки, Ишикава, Гифү, Айчи, Фүкүокаг онцгой ангилалд оруулжээ. Харин Хоккайдо, Токио хотын бүс, Чиба, Канагава, Сайтама, Киото, Осака, Хиогод онцгой байдлын дэглэмийг тогтоосон хэвээр байх бөгөөд эдгээр мужид нийт хүн амын 50 орчим хувь нь оршин суудаг юм.
Ерөнхий сайд үлдсэн найман мужийн онцгой байдлыг энэ сарын эцсээс өмнө цуцлах боломжтой гэдгийг мэдэгдээд, энэ сарын 21-нд танилцуулах мэргэжилтнүүдийн дүгнэлтэд үндэслэн энэхүү шийдвэрийг гаргана гэж хэлсэн байна.
Засгийн газрын мэргэжилтнүүдийн ажлын хэсэг онцгой байдлыг цуцлахдаа олон шалгуурт тулгуурласны нэг нь өнгөрсөн долоо хоногт 100 мянган хүн тутамд ногдох шинэ тохиолдлын тоо 0.5-аас буурах байжээ.
Япон улс халдварын тохиолдол огцом нэмэгдэхээс зайлсхийж чадсан хэдий ч өнөөдрийн байдлаар халдварын 16800 гаруй тохиолдол бүртгэгдэж, 726 хүн нас баржээ. Уг тоон үзүүлэлтэд өнгөрсөн хоёрдугаар сард Токио хотын ойролцоо тусгаарласан “Diamond Princess” хөлөг онгоцон дээр халдвар авсан 700 гаруй зорчигчийг оруулсан байна.
Абэ Шинзо Токио, Осака болон өөр таван мужид онцгой байдал зарлах шийдвэрийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 7-нд гаргаж, 16-наас бүх 47 мужид тогтоосон юм. Онцгой байдлын дэглэм тавдугаар сарын 6-нд дуусах байсан боловч 31 хүртэл сунгасан билээ.
Эх сурвалж: Kyodo