БНСУ-ын Итэвон дүүргийн цэнгээний газруудад гарсан их хэмжээний коронавирусийн дэгдэлтээс болж Солонгост ажиллаж, амьдарч буй гадаадын иргэдийг гадуурхах, дарамтлах, тэр тусмаа ажлын байрны дарамт учруулах болсон гэж BBC агентлаг Лхагва гарагт мэдээллээ. Учир нь Итэвон гэх дүүрэгт олон тооны гадаадын иргэд ажиллаж, амьдардаг билээ.
-СУВОН ХОТОД БАГШИЛДАГ АНГЛИ ХЭЛНИЙ БАГШ ЖЕННИФЕР
АЖЛААСАА ХАЛАГДАХАД ХҮРЧЭЭ-
Сөүлээс өмнө зүгт орших Сувон хотод багшилдаг англи хэлний багш П.Женнифер Итэвоны энэхүү дэгдэлтээс болж ажлаа алдах гэж байгаа талаар BBC агентлагт мэдээлсэн байна. Тэрээр тавдугаар сарын 2-нд Итэвон дүүрэгт очсон бөгөөд шинжилгээний хариу сөрөг гарсан ч одоогоор хорио цээрийн дэглэмд байна.
П.Женнифер ярихдаа "Дарга маань ажил дээр байхад манай хамт ажиллагсдаас Итэвон дүүрэгт байсан эсэхийг асуусан. Би түүнд тавдугаар сарын 2-3-ны хооронд Итэвонд байсан гэж үнэнээ хэлэхэд тэр намайг шууд ажлаас халсан" гэж мэдээлжээ. /Үүсэж болох эрсдэлээс хамгаалан овог нэрээ өөрчилсөн болно. Мөн " Хэрэв би хариуцлага алдаж, багшийн ёс зүйг зөрчсөн бол хариуцлага хүлээх болно. Гэхдээ ийм явдал болсны дараа би явахыг хүсч байна. Тэд юу хүсч байгаагаа надад хэзээ ч хангалттай тайлбарлаж байгаагүй” гэж ярьсан байна.
“БИ ИТЭВОНД БАЙГААГҮЙ ГЭДГЭЭ ХЭЛСЭН Ч
ТЭД НАДАД ИТГЭЭГҮЙ”
Гадаадын жуулчид, оршин суугчдын дунд алдартай Сөүл дэх олон соёлын төвтэй Итэвон дүүрэгт дэгдэлтийн үеэр очоогүй хүмүүс ч мөн ажил дээрээ дарамтыг мэдэрч байсан гэжээ. Өөрийгөө Эдвард гэж танилцуулсан өөр нэг гадаад иргэн “Итэвонд долоо хоногийн турш очоогүй гэдгээ хэлсэн боловч миний ажилладаг компанийн удирдлага надад огт итгээгүй. Би тэдэнд миний очсон цорын ганц газар бол Хебангчон гэж үнэнээ хэлсэн" гэж хэлжээ.
Ажлын газрыхан нь маргааш нь түүнээс түргэн хугацаанд шинжилгээнд хамрагдахыг шаардаж, дарга нь нөхцөл байдал намжих хүртэл гэртээ өөрийгөө тусгаарла гэсэн хариуг өгсөн байна.
Тэрээр хэлэхдээ "Шударгаар хэлэхэд би маш их айж эхэлж байна. Учир нь би тэнд байгаагүй, тэр ч байтугай хүмүүстэй ч ойртож, ярилцаагүй ч гэсэн хүмүүс бүгд энэ асуудалд анхаарлаа төвлөрүүлж, биднийг буруутгаж байгаа юм шиг санагдаж байна" гэж Эдвард хэлэв. Ер нь Солонгос улсад байгаа гадаадын олон иргэдэд энэ байдал цаашид улам бүр нэмэгдэх вий гэсэн болгоомжлолыг төрүүлж байна. Одоогоор Итэвон дүүрэгт дэгдсэн коронавирусийн улмаас нийт 107 хүн халдвар аваад байна.