Л.Оюун-Эрдэнэ:  Монгол Улс "Рио Тинто"-той хамтран зэсийн гүний уурхайг ашиглалтад оруулж, цахилгаан машины үйлдвэрлэл, ногоон хөгжилд хувь нэмэр оруулж байна

Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс "Рио Тинто"-той хамтран зэсийн гүний уурхайг ашиглалтад оруулж, цахилгаан машины үйлдвэрлэл, ногоон хөгжилд хувь нэмэр оруулж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Олон Улсын Импортын 7 дахь удаагийн экспод оролцож, үг хэллээ. Түүний хэлсэн үгийг хүргэж байна.

Эрхэм хүндэт Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян,

Эрхэм зочид, төлөөлөгчид, хөрөнгө оруулагчид аа,

Хатагтай, ноёд оо,

Юуны өмнө Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс олон улсын худалдаа, хамтын ажиллагааны нэр хүндтэй платформ болсон “Хятадын олон улсын импортын Экспо” арга хэмжээг амжилттай зохион байгуулж буй БНХАУ-ын Засгийн газар, Шанхай хотын удирдлагад гүн талархал илэрхийлье.

Энэхүү Экспод Монгол Улс тасралтгүй оролцож ирсэн уламжлалтай бөгөөд “Шинэ эрин үед ирээдүйгээ хамтдаа хуваалцъя” уриан дор болж буй 7 дахь удаагийн арга хэмжээнд Монгол Улс анх удаа Ерөнхий сайдын түвшинд парламентад суудал бүхий улс төрийн бүх намын удирдлага, Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүдийн хамт өргөн бүрэлдэхүүнтэй, хувийн хэвшлийн хамгийн олон төлөөлөлтэй оролцож байгаагаараа онцлогтой юм.

Энэ онд Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож байгаа бөгөөд хоёр улсын худалдааны эргэлт 2023 оны байдлаар 17.6 тэрбум ам.долларт хүрснийг онцлон тэмдэглэж байна.

Эрхэм зочид, төлөөлөгчид өө,

 Ази, Европын стратегийн уулзвар дээр оршдог Монгол Улсын хувьд энэхүү Экспод идэвхтэй оролцох нь хөрш орон БНХАУ төдийгүй бусад улстай эдийн засгийн харилцаа холбоогоо гүнзгийрүүлэх өргөн боломжийг нээсээр ирсэн билээ.

 Монгол Улсын Засгийн газар асар хурдтай хувьсан өөрчлөгдөж буй энэ үед гурван гол шилжилтийг хийж, шинэ эдийн засгийн бүтцийг бүрдүүлэхээр ажиллаж байна.

  • Нэгдүгээрт, AI хиймэл оюун ухаанд түшиглэсэн цахим, ухаалаг технологийг хөгжлийн хурдасгуур болгон ашиглах,
  • Хоёрдугаарт, Ногоон хөгжлийн шилжилтийг хэрэгжүүлэх,
  • Гуравдугаарт, Хүний нөөцийн шилжилтэд анхаарч, ирээдүйн хөгжлөө төлөвлөж байна.

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд Монгол Улс бүх улс орон, хөрөнгө оруулагчидтай харилцан ашигтай хамтран ажиллахад бэлэн байгаа гэдгээ илэрхийлж байна.

Монгол Улс хөрөнгө оруулагчдыг дэмжсэн эрх зүйн орчин, хамтарсан засаглал бүхий улс төрийн бодлогын тогтвортой байдлыг бүрдүүлсэн бөгөөд уул уурхай, хөдөө аж ахуй, шинэ эрчим хүч, дэд бүтэц, дэвшилтэт технологи, аялал жуулчлал, соёлын бүтээлч үйлдвэрлэл зэрэг тэргүүлэх салбарт идэвхтэй хамтран ажиллахад бэлэн байна.

Монгол Улс дэлхийд дөрөвдэх том зэсийн гүний уурхайг Рио Тинто компанитай хамтран ашиглалтад оруулсан бөгөөд энэ нь цахилгаан машины үйлдвэрлэл, ногоон хөгжилд оруулж буй манай улсын томоохон хувь нэмэр юм.

Монгол Улс “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого” зэрэг урт, дунд хугацааны хөгжлийн бодлогоо БНХАУ-ын “Бүс ба Зам” болон “Даян дэлхийн хөгжлийн санаачилга”-тай харилцан уялдуулж, “Чайна Энержи”, CNPC буюу Хятадын үндэсний газрын тос, байгалийн хийн корпораци зэрэг үндэсний компаниудтай нүүрс болон эрчим хүчний хосолсон шийдэл, усан цахилгаан станц, төмөр замын төслүүдэд идэвхтэй хамтран ажиллаж байна.

Монгол Улсын эдийн засаг цар тахлаас хойш 5-7 хувиар тогтмол өсч, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн жил бүр 1000 ам.доллараар нэмэгдэж байгаа нь бидний хамтын ажиллагааны бодит үр дүн гэж үзэж байна.

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч, Ерөнхий сайдууд, хүндэт зочид, хөрөнгө оруулагчид аа,

Монгол Улс бол эртний түүхтэй, мөнх хөх тэнгэр, цэлгэр ногоон талаараа олон улсад алдартай орон билээ.

Манай өвөг дээдсийн сургаальд “Монголын За бол Андгай” хэмээх сайхан үг байдаг. Бид хэлцэл бол хэлцэл, гэрээ бол гэрээ хэмээсэн зарчимд тулгуурлан хөрөнгө оруулагчдад ээлтэй эрх зүйн орчин, цахим нээлттэй засаглал, харилцан ашигтай хамтын ажиллагааг эрхэмлэсээр ирсэн.

Бид Та бүхэнтэй харилцан суралцах, харилцан ашигтай түншлэн ажиллахад бэлэн байгаагаа дахин илэрхийлье.

Монгол Улс жил бүрийн долоодугаар сард Үндэсний их баяр наадмаа тэмдэглэдэг бөгөөд энэхүү баярын өмнө Эдийн засгийн форумыг зохион байгуулдаг уламжлалтай. Та бүхнийг Монгол үндэстний өвөрмөц зан заншил, түүх, нүүдэлчин ахуйтай танилцаж, бизнес, хөрөнгө оруулалтын шинэ боломжийг нээдэг Монголын эдийн засгийн форумд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Улс орон бүхэн үзэл бодол, засаглалын зөрүүтэй байдлыг ойлгож, хил хязгаар, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэж, хамтдаа зэрэгцэн хөгжих нь даян дэлхийн энх амгалан, хөрөнгө оруулалтын таатай орчин, хүн төрөлхтний аз жаргалтай амьдралын үндэс билээ.

Эртний худалдааны түүхтэй Шанхайн Экспод оролцогч улс орнууд, аж ахуйн нэгжүүдэд шинэ боломж, шинэ амжилт, шинэ түншлэлийг хүсэн ерөөе.




Улаанбаатарт 10 градус хүйтэн байна

3 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр туулай өдөр

3 цагийн өмнө