"Казахстан Монголд уран олборлож, Оросын тал зөвшөөрмөгц хурдны зам барьж эхлэхээр боллоо" хэмээн Казахстаны хэвлэлүүд айлчлалын талаар мэдээлжээ

"Казахстан Монголд уран олборлож, Оросын тал зөвшөөрмөгц хурдны зам барьж эхлэхээр боллоо" хэмээн Казахстаны хэвлэлүүд айлчлалын талаар мэдээлжээ

Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар албан ёсны төрийн айлчлал хийж, аравдугаар сарын 29-ний өдөр нутаг буцсан. Энэ нь түүний Монголд ирж буй гурав дахь айлчлал бөгөөд өмнө нь 2006 онд Гадаад хэргийн сайд байхдаа, 2013 онд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогчоор ажиллаж байхдаа тус тус Монголд ирж байжээ.

-УРАНЫ ОЛБОРЛОЛТООРОО ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЭГЧ КАЗАХСТАНЫ ТӨРИЙН ТЭРГҮҮНИЙ МОНГОЛД ХИЙЖ БУЙ АЙЛЧЛАЛ ОЛОН УЛСЫН АНХААРЛЫГ ТАТЖЭЭ-

Энэ удаагийн Казахстаны төрийн тэргүүний айлчлал олон улсын анхаарлыг ихээхэн татаж байгаа талаар гаднын хэвлэлүүд бичжээ. Учир нь Казахстан Улс нь сүүлийн жилүүдэд ураны олборлолтоороо дэлхийн улс орнуудын гол тоглогчдын нэг болж, олон улсын зах зээлд цойлох болсон юм. Иймд ураныг дөнгөж экспортолж эхлэх гэж буй манай улсын хувьд Казахстан Улс маш сайн жишээ болж болох юм.

Тэгвэл Казахстаны Ерөнхийлөгчийн Монголд хийсэн айлчлалын үр дүн юу байсан талаар болон олон улсын улс төр шинжээчид энэ удаагийн айлчлалыг хэрхэн харж байгаа талаар хүргэе.

Нэн тэргүүнд хоёр улсын хооронд автозам тавихтай холбоотой асуудлыг хэлэлцжээ. Казахстаны Тээврийн яамнаас өмнө нь мэдээлснээр шинэ автозамын маршрутын ихэнх хэсэг нь Оросын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх хувилбарыг авч үзэж байгаа юм. Учир нь Казахстанаас Монгол Улсыг холбосон одоогийн хурдны замын урт нь 1604 км. Хэрэв Оросын тал шинэ зам тавихыг зөвшөөрвөл хоёр улсын хоорондох зайг 837 км болгох боломжтой.

-КАЗАХСТАН МОНГОЛД УРАН ОЛБОРЛОЖ, ТУС УЛСЫН ЗОХИОН БҮТЭЭСЭН АНХНЫ ХИЙМЭЛ ДАГУУЛЫГ ХУДАЛДАН АВНА-

Мөн Казахстан Улс анх удаа дотооддоо үйлдвэрлэсэн сансрын хиймэл дагуулыг Монголд худалдахаар боллоо. Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевын Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр уг баримт бичигт гарын үсэг зурсан юм. "Энэ төсөл нь Монгол-Казахстан-Монголын дэлхийг алсын зайнаас тандан судлах бүлэгт багтах хиймэл дагуул бүтээх зорилготой" гэж дурджээ. Хиймэл дагуулуудыг Казахстан, Монгол хоёр бие даан хянаснаар хоёр улс байгалийн баялгийг хянах, хөдөө аж ахуйг хөгжүүлэхэд шаардлагатай мэдээллийг олж авах боломжийг олгоно хэмээн үзэж байгаа аж.

Мөн Казахстан Монголд уран олборлож магадгүй байна. Тодруулбал “Казатомпром” үндэсний атомын компани болон Монголын “Мон-Атом” ХХК стратегийн хамтын ажиллагааны талаар тохиролцсон нь ураны хайгуул, олборлолтын боломжийг нээх болно гэж тус улсын inbusiness.kz бичжээ. "Уран олборлолтоороо дэлхийд тэргүүлэгч Казахстан улс өөрийн статусаа цаашид бэхжүүлэхийг зорьж байгаа бөгөөд "Мон-Атом"-той хамтран ажиллах нь энэ чиглэлд чухал алхам болно хэмээн үзэж байгаа аж.

Сонирхуулахад Казахстан Улс нь 2022 оны байдлаар дэлхийн нийт уран олборлолтын 43 хувийг дангаараа бүрдүүлсэн байдаг бөгөөд уран олборлолтоор дэлхийд тэргүүлж буй улс юм.

Түүнчлэн Казахстаны тур операторууд Монголын жуулчдад Хожа Ахмет Ясавигийн бунхан байрладаг эртний Туркестаны хотыг танилцуулах боломжтой хэмээсэн бөгөөд тэнд Чингис хааны ууган хүү Зүчи хааны булш байдаг аж. Мөн Монгол Улстай Алтайн аялал жуулчлалын кластерийг хөгжүүлж, аялал жуулчлалын нэгдсэн цэгүүдийг бий болгох сонирхолтой байна гэж Казахстаны Төрийн тэргүүн хэлжээ. Улмаар Касым-Жомарт Токаев Монгол Улсын Ерөнхийлөгчийг ирэх онд Казахстанд төрийн айлчлал хийхийг урьсан байна. 




Өнөөдөр гахай өдөр

19 цагийн өмнө