Монгол Улсын Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого” хэрэгжүүлэх хүрээнд Говь-Алтай аймаг дахь Нарансэвстэйн боомтыг ашиглалтад оруулахаар судалж байгаа билээ.
Тэгвэл өнөөдөр /2024.10.31/-ний өдөр “Үндэсний мэдээллийн төв”-д байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачид Нарансэвстэйн боомт нээхийг эсэргүүцэж ҮХЦ-д хандаж, УИХ, ҮАБЗ-д шаардлага хүргүүлэхээ мэдэгдсэн юм. Тэдний ярьж буйгаар, Говийн Их дархан цаазат газар (ГИДГ)-т Нарансэвстэйн боомт нээгдэж, түүнийг дагасан авто зам тавигдах нь тус ДЦГ-ын онгон төрх байдлыг хөндөж, устах аюул нүүрлэж буй мазаалай, хавтгай байршил нутгаасаа дүрвэж тархац нутаг нь хумигдан, цөлийн зэрлэг туруутан амьтан ус, бэлчээр дутагдаж, Алтайн өвөр говь цөлийн экосистемийн тогтвортой, цогц байдал алдагдах аюултай гэнэ.
Үүнээс өмнө, энэхүү боомтыг 1993 онд нээгээд ердөө дөрвөн удаа ажиллуулаад байгаль орчин, говийн экосистемд асар хор нөлөөтэй учраас хааж байсан бөгөөд дараа дараагийн Засгийн газрууд хэдэнтээ ажлын хэсгүүд гаргаж шалгаад нээх боломжгүйг баталж байжээ.
Тэгвэл Нарансэвстэйн боомтыг ашиглалтад оруулах нь дараах хууль болон олон улсын конвенциудыг зөрчиж байгаа аж.
Үндсэн хуулийн зөрчигдсөн заалтүүд;
Засгийн газраас 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Улсын Их Хуралд өргөн барьж 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр УИХ-ын 21 тоот тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан "Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-ийн 3.3.2.8-д "…Нарансэвстэйн боомтыг сэргээж, нээнэ…" гэсэн хэсэг
Монгол Улсын Үндсэн хуулийн
1 дүгээр зүйлийн 2-т "… Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн…";
10 дугаар зүйлийн 2-т "…Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ…", 3-т… Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ….
70-р зүйлийн 70.1-д Үндсэн Хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино…" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэж байна.
Зөрчиж байгаа олон улсын конвенциуд:
Монгол Улсын Засгийн газар Нарансэвстэйн боомтыг сэргээж, нээхээр үйл ажиллагааныхаа хөтөлбөрт тусгаж УИХ-ын тогтоолоор баталгаажуулсан нь:
Биологийн олон янз байдлын тухай конвенцийн 8 дугаар зүйлд заасан "…экосистем болон байгалиас заяасан эх нутгийг нь хамгаалах, төрөл зүйлийн амьдрах чадвар бүхий бүлгэмдлийг байгальд нь хамгаалахад туслах…", һ-д заасан "…экосистемүүд, төрөл зүйлүүд, тэдгээрийн амьдардаг орчинд аюул занал учруулж байгаа гаднын зүйлийн интродукцийг арилгах, тэдгээрт хяналт тавьж устгах…" гэж заасан заалтыг Монгол улсын Засгийн газар зөрчиж байна.
Зэрлэг амьтдын нүүдэллэдэг зүйлийг хамгаалах конвенцийн
Хоёрдугаар зүйл буюу Үндсэн зарчмууд болох
"…1. Тархац нутгийн бүсийн улсууд нүүдлийн зүйлүүдийг хамгаалах, энэ зорилгод нийцүүлэн тохирсон, мөн зохицсон арга хэмжээ авч байхыг зөвшөөрөх, хамгаалалтын статус нь тааламжгүй байгаа нүүдлийн зүйлүүдэд онцгой анхаарал тавин тэдгээр зүйлүүдийг болон идээшил нутгийг нь хамгаалах талаар тохиромжтой, зайлшгүй алхмуудыг дангаараа болон хамтын ажиллагааны явцад хийхийн ач холбогдлыг Талууд хүлээн зөвшөөрнө. Нүүдлийн аливаа зүйлийг устах аюулд орохоос сэргийлэх үйл ажиллагаа явуулах хэрэгцээ шаардлагыг Талууд хүлээн зөвшөөрнө…" гэсэн заалтуудыг зөрчиж байгаа ажээ.