Үзэл бодлоо илэрхийлэхэд, даргыг муулахад ял өгдөг эрх баригчид "Ахмад настны хууль"-ийг мөн шоронжуулж ирэх оноос хэрэгжүүлэхээр ажиллаж байна

Үзэл бодлоо илэрхийлэхэд, даргыг муулахад ял өгдөг эрх баригчид "Ахмад настны хууль"-ийг мөн шоронжуулж ирэх оноос хэрэгжүүлэхээр ажиллаж байна

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан саяхан өөрийн цахим хуудаснаа “Эцэг, эхийнхээ тэтгэврийг хувьдаа завшдаг паразитуудыг зургаан сараас нэг жилээр хорьдог болно. Ахмад настны эсрэг үйлдэгдэж буй хүчирхийллийн хавсарсан байдлаар сэтгэл санааны хүчирхийлэл 64 хувь, бие махбодын хүчирхийлэл 47 хувь, эдийн засгийн хүчирхийлэл 36 хувь, үл хайхрагдах байдал 21 хувийг эзэлж байна” гэж бичсэн нь олны анхаарлыг татсан.

-Х.НЯМБААТАР 2017 ОНД ЭРҮҮГИЙН ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХДАА 334 ЗААЛТЫГ ӨӨРЧИЛЖ, МОНГОЛЧУУДЫГ ШОРОНЖУУЛАХ ЭХЛЭЛИЙГ ТАВЬСАН ГЭХ ШҮҮМЖЛЭЛ БИЙ-

Тэгвэл тэрбээр ямар хуулиар, яаж зохицуулсан харилцааг дээрх хэлбэрээр тайлбарлав. Өнгөрсөн тавдугаар сарын 02-ны өдөр тухайн үед УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар ажиллаж байсан Н.Энхболд тэргүүтэй 14 гишүүн “Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн төслийг боловсруулан өргөн барьсан. Уг хуулиар ахмад настанд үзүүлэх урт хугацааны цогц тусламж үйлчилгээний болон ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогыг сайжруулна гэж байсан ч дагалдуулан шоронжуулах ажлыг өргөтгөхөөр холбогдох хуульд өөрчлөлт оруулсан нь энэ аж. Монгол Улс 3.4 сая иргэнтэй. Үүний 2 сая орчим нь насанд хүрсэн хүмүүс. Ийм цөөхөн хүнийг нийгмийн хэм, хэмжээгээр бус ялын бодлогоор зохицуулдаг болж буй нь мэргэжилтнүүдийн шүүмжлэлийг дагуулсаар хэдийнэ 8 жил өнгөрч.

Учир нь Х.Нямбаатар 2015 онд батлагдсан Эрүүгийн хуульд 2017 онд өөрчлөлт оруулахдаа 334 заалтыг өөрчилж, Зөрчлийн хуультай нь завхруулж шоронжуулсан.

Энэ мэт сүүлийн найман жилд Эрүүгийн хуульд оруулсан торгох, зорчих эрх хязгаарлах зэрэг заалтаар бол дээрх 2 сая хүний ихэнх нь ялтан болохоор байгаа юм. Тодруулбал, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол даргыг муулсан бол, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсэн бол Эрүүгийн хуулиар шийтгэж ялтан болгодог болсон. Тэгвэл энэ удаа “Ахмад настны тухай хууль”- иар мөн ял оноож ялтан болгодог болгох нь.

-АХМАД НАСТНЫ ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖЭЭ АШИГЛАХ, ЗАХИРАН ЗАРЦУУЛАХ ЭРХЭНД ХАЛДСАН БОЛ 30 ХОНОГ БАРИВЧИЛНА-

“Ахмад настны тухай хууль”-ийг тавдугаар сарын 02-ны өдөр өргөн барьснаасаа хойш ердөө 22 хоногийн дараа УИХ-аар эцэслэн баталсан байдаг. Тус хуулийг дагалдуулж, Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хууль, Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль зэрэг 12 хуульд  нэмэлт, өөрчлөлт оруулсан.  

Ингэхдээ

  • Эрүүгийн 11.7 дугаар зүйл буюу Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх хэсгийн 1.3-т: Иргэний хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт зааснаас бусад ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний тэтгэвэр, тэтгэмж, мөнгөн хөрөнгийг түүний зөвшөөрөлгүйгээр айлган сүрдүүлэх, дарамт, шахалт үзүүлэн хүч хэрэглэх замаар ашиглах эсхүл иргэний хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан бол зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр болгосон.
  • Мөн Зөрчлийн тухай хуулийн 5.4 дэх зүйлд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих хэсэгт- хуваарьт болон дундны эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.
  • 4.5-т ахмад настны тэтгэвэр, тэтгэмжээ ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна гэсэн байна.

Энэ хуулийг хоёр сарын дараагаас буюу 2025 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. Л.Энх-Амгалан сайдын сүржинээр тайлбарласан гурван өгүүлбэр нь дээрх заалтуудыг сануулсан төдий аж. 

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу саяхны нэг чуулганы хуралдааны үеэр “Нийгмийн даатгалын шимтгэл, НӨАТ нь бизнес эрхлэгчдийг хөгжих боломжгүй болгож байна” гэж асуухад Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан “Нийгмийн даатгалын шимтгэл бол татвар биш. Ирээдүйдээ зориулж буй хуримтлал” гэж хариулсан.

Тэгвэл хүн өөрийнхөө цалингаас хураасан хуримтлалаа үр хүүхэддээ өгөх үү, өөртөө зарцуулна уу гэдэг нь тухайн хүний асуудал юм. Энэ мэт эрх баригчид хүний суурь эрхүүдийг шоронжуулж байна. Ерөөс 2017 оны Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөс эхлээд бүх гэмт хэрэгт ял оногдуулдаг болгож, ялын доод хэмжээг 7 хоног байсныг 6 сар болгож нэмэгдүүлсний цуврал л энэ явж байна. Түүнээс хойш ялын доод хэмжээ нэмэгдэж, яллах заалт олширсны нэг нь энэ. Нийгмийн хэм хэмжээгээр зохицуулах олон харилцааг шоронжуулж, айдсаар нь удирдан гаргасан зөрчлөөс нь хэд дахин чангадсан ял өгөөд байх нь ардчилсан, хүний эрхийг дээдэлсэн манай оронд хэр нийцэх вэ?