Монгол Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан Баку хотноо зохион байгуулагдсан Олон Улсын прокуроруудын холбооны 29 дүгээр чуулганы хүрээнд Бүгд Найрамдах Азарбайжан Улсын ерөнхий прокурор Камран Алиевтай уулзлаа.
Монгол Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойших 32 жилийн хугацаанд Монгол Улсын төрийн тэргүүн 2022 онд тус улсад албан ёсны айлчлал хийж, найрсаг харилцаа тасралтгүй өргөжин тэлж байгааг дурдан, прокурорын байгууллагын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцлоо.
Уулзалтын үр дүнд талууд хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эргэлт, мөнгө угаах, цахим хэрэгсэл ашиглаж залилах, үндэстэн дамнасан зохион байгуулалтай гэмт хэрэгтэй тэмцэх, эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх ажиллагааны шуурхай байдлыг хангах, прокурор солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлж харилцан туршлага судлах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.
Бүгд Найрамдах Азарбайжан Улсын ерөнхий прокурор Камран Алиев хоёр улсын прокурорын байгууллага хоорондын хамтын ажиллагаа энэхүү уулзалтаар эхэлж байгааг онцлон тэмдэглэж, Монгол Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг 2024 оны 11 дүгээр сард тус улсад болох НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн 29 дүгээр чуулганд оролцохыг урьж байгаагаа уламжиллаа.