Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Blue Sky Tower" барилгын 00-ийн өрөөнд ууттай тулмалсан тарвага олдсон дуудлага мэдээлэл өчигдөр /2024.10.08/ 15:53 цагт бүртгэгдэж холбогдох төрийн байгууллагууд тус газарт ажилласан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Харин зарим эх сурвалжууд, "Blue sky дээр тарваган тахал бүртгэгдсэн байж болзошгүй гээд Зооноз судлалын үндэсний төвийн хүмүүс болон цагдаагийн шуурхай бүрэлдэхүүн ирсэн. Тус газарт үлдээсэн тарвагыг авчирсан хүмүүс бүгд өндөр халуурч, ХӨСҮТ хүргэгдсэн тул ийм нөхцөл байдал үүссэн байна" хэмээн олон нийтийн сүлжээнд мэдээлж байсан юм.
Тэгвэл тухайн тулмалсан тарвагыг нэр бүхий иргэн зарахаар "Blue Sky Tower"-т авчирсан байжээ. Энэ талаарх мэдээллийг тухайн иргэний ар гэрээс цагдаагийн байгууллагад мэдээлсэн байна.
Тодруулбал, "Манай дүү тарвага зарахаар "Blue Sky Tower" руу явсан. Бид дүүгийнхээ авчирсан тарвагыг идээд бүгд өндөр халуурч байна. Тиймээс тухайн зарах гэж байгаа тарвага нь эрсдэлтэй байж болзошгүй байна" гэх мэдээллийг өгсөн байна.
Иймд энэхүү дуудлага, мэдээллийн дагуу холбогдох төрийн байгууллагууд "Blue sky Tower" барилгын 00-ын өрөөнд тарвага орхиж явсан хүн болоод цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн иргэнийг олж тогтоохоор ажиллаж эхэлсэн юм байна. Харин тухайн тулмалсан тарвагууд нь эрсдэлтэй байсан эсэх шинжилгээний хариу 48 цагийн дараа гарах юм байна. Бид уг хэргийн талаар эргэн мэдээлэх болно.