Монголын багш нарын 58, дэлхийн багш нарын 30 дахь өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг дэлхий нийтээрээ боловсролын салбарт тулгамдаж буй асуудлаар багшийн дуу хоолойг сонсъё гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрөөдөг билээ. Тэгвэл өнөөдөр /2024.10.4/ “Багшдаа баярлалаа” аяны талаар мэдээлэл хүргэлээ.
“Багшдаа баярлалаа” аяныг Монгол улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Боловсролын ерөнхий газар, Жижиг дунд үйлдвэр, оёдлын салбарын мэргэжлийн холбоо, Хаан болон Голомт банк хамтран хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Монгол улсын засгийн газар 2022 оноос багшийн нийгмийн баталгааг хангах зорилгоор олон үе шаттай арга хэмжээг авч эхэлсэн юм. Энэ хүрээнд багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжил, хичээл практик, эрүүл мэндийн оношилгоо, цахим дата хэрэглээг багшийн боловсролын хувьсах зардалд шингээж өгсөн байдаг. Уг асуудлыг шийдэхийн тулд тухайн үед үйл ажиллагаа явуулж буй банкнуудтай гэрээ байгуулж хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан аж. Тухайлбал “Багшдаа баярлалаа” картыг бий болгож түүгээрээ дамжуулан аяны хамтран ажиллагч байгууллагуудаас 3-33 хувийн хөнгөлөлт олгох, 5-20 хувийн буцаан олголт авах боломжийг бүрдүүлжээ. Мөн тус аяныг зохион байгуулж буй байгууллагуудын зүгээс багш нарыгаа дэмжих зорилгоор “Багшдаа баярлалаа” аянд нэгдэхийг уриаллаа.