Үндэсний аудитын газраас “Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 2018-2022 оны үйл ажиллагаанд аудит хийсэн. Энэ дүнг энэ жилийн Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайланд хийсэн аудитын дүгнэлтдээ ч оруулсан байдаг. Эрдэнэс Тавантолгой ХК нь улсын төсвийг бүрдүүлдэг гол компаниудын нэг. Харин аудитын дүгнэлтээс харахад үр ашиггүй маш их зардлыг гаргаж, гүйцэтгэлд огт хяналт тавилгүй ажилласан нь харагдаж байна. Аудитын тайланг бүрэн эхээр нь ЭНД дарж харах.
Эдгээрээс дурдвал,
- Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Сая тонн-Сая мод” хөтөлбөрийг хэрэгжүүлэн 180 сая мод тарихаар төлөвлөж, 2022 онд ТУЗ-өөр 7 тэрбум төгрөгийн төсөв батлуулж, гүйцэтгэлээр 28.3 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон байна. Гэтэл гэрээний хэрэгжилтийг бүрэн хангуулах, түүнд тавих хяналтыг сайжруулан арвилан хэмнэлттэй ажиллах зарчмыг баримтлан, үр дүн, үр нөлөөг огт тооцолгүй орхисон байна. Тухайлбал, ОБЕГ-тай 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 28,045.8 сая төгрөгийн дүнтэй ЭТТ-2022/503 дугаар хамтран ажиллах гэрээ байгуулж 27.5 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон боловч гэрээний үүргийн хэрэгжилт бүрэн хангагдаагүй.
- Батлан хамгаалах яамтай 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 9,972.8 сая төгрөгийн дүнтэй ЭТТ2022/113 дугаар хамтран ажиллах гэрээ байгуулж 0.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг тус, тус олгосон ч гэрээнд заасан ажлууд хэрэгжсэн эсэх нь эргэлзээтэй байгаа аж.
Тус компани нь "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд 28.3 тэрбум төгрөгийг үр ашиггүй зарцуулсан байж энэ жил Ойн санд дахин 3 тэрбумыг өгөхөөр бэлтгэж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Тэд уг ажлаа нийгмийн хариуцлагын хүрээнд гэж тайлбарлаж буй ч өмнөх үр ашиггүй зарцуулалтыг тайлагнах шаардлагатай байгаа юм. Удахгүй өгөх 3 тэрбум төгрөгийг зориулалтын дагуу зарцуулахад хяналт тавих, үр дүнг мэдээлэхийг зарим ажилчид "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн удирдлагуудаас шаардахад тодорхой хариу өгөөгүй байна.