Өнгөрсөн шөнө Иран улс 180 гаруй баллистик пуужингаар нутаг дэвсгэрт нь довтолсон гэдгийг Израилийн зэвсэгт хүчин мэдээллээ.
ВИДЕО:
Израил даяар агаарын түгшүүр зарласан бөгөөд Израилийн арми хөрш Ливаны нутагт үйл ажиллагаа явуулдаг Хезболла зэвсэгт байгууллагын эсрэг байлдааны ажиллагааг хоёр долоо хоногийн өмнөөс эрчимжүүлсэн юм. Энэ үеэс эхлэн Хезболлагийн ивээн тэтгэгч Иран улс Израил руу довтолж, шинэ дайн дэгдэж магадгүй гэсэн айдас бий болоод байв.
Ойрх Дорнодод дайн дэгдэж болзошгүй болсны улмаас газрын тосны үнэ 5 хувиар өсөж, НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөл өнөөдөр буюу Лхагва гарагт шуурхай хурал зарласан байна. Ираны Хувьсгалт Гвард өчигдрийн халдлагаа “Хезболла, Хамасын удирдагчдын амийг хөнөөж, Ливаны нутаг дэвсгэрт халдан түрэмгийлсний хариу арга хэмжээ” гэж тайлбарлажээ.
Энэ халдлагад анх удаагаа дуунаас хурдан Фаттах пуужинг ашигласан, харвасан нийт пуужингуудын 90 хувь нь байндаа хүрсэн тухай бас мэдэгдэлдээ дурдсан байна. Харин Израилийн тал Ираны харвасан пуужингуудын ихэнх хэсгийг өөрийн болон АНУ тэргүүтэй холбоотнуудын агаарын довтолгооноос хамгаалах системээр устгасныг мэдээлжээ. Цөөн тооны пуужин Израил улсын төв болон өмнөд хэсэгт хохирол учруулсныг дээрх мэдэгдэлд дурдсан байна. Одоогоор Йордан голын баруун эргийн Палестины эзлэгдсэн нутагт нэг хүн алагдсанаас өөр хүний амь нас хохирсон талаар мэдээлээгүй байна.