Нийслэлд одоогийн байдлаар гурван төвлөрсөн хогийн цэг байдаг. Улаанчулуут, Цагаандаваа, Морингийн давааны эдгээр хогийн цэгт жилд 400 мянга гаруй тонн хогийг устгадаг. Нийт хог хаягдлын 11.4 хувийг дахин боловсруулж, 88.6 хувийг булж устгаж байна.
Хогийг булж устгах арга нь метан хийг ихээр ялгаруулдаг, байгаль орчинд сөрөг нөлөө ихтэй. Тэгвэл 2026 оноос хогийг булж устгахгүйгээр шатаах аргыг хэрэглэж эрчим хүч гаргаж авах, үлдэгдэл үнс нурмаар явган замын хавтан хийх боломжтой болж байгаа талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар барилгын хатуу хог хаягдлыг дахин боловсруулах чиглэлээр мэргэшсэн судлаач Э.Одонтуяатай ярилцжээ.
Хотын дарга Х.Нямбаатар “Нийслэлчүүд гурван төвлөрсөн хогийн цэгт жилд 400 мянган тонн хогийг булж устгадаг. Булж устгах арга бол байгаль орчин, эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Европын томоохон улсууд энэ аргаас хэдийн татгалзаад байна. Тиймээс улаанбаатарчууд 2026 оноос эхлээд газарт хогоо булахгүй. Хогоо шатааж, эрчим хүч гаргаж авна. Үлдэгдэл үнс, нурмаар барилгын материал, явган замын хавтан хийж хот тохижилтод нийлүүлнэ. Үүний тулд Цагаан даваа болон Морингийн давааны төвлөрсөн хогийн цэгт тус бүр нь 24 мегаваттын эрчим хүч гаргах чадалтай хог шатаах үйлдвэр төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина. Гэрээг энэ оны сүүлчээр үзэглэнэ. Түүнчлэн хатуу хог хаягдлыг дахин боловсруулж барилгын материал болгох төслийг Европын сэргээн босголтын банктай хамтран хэрэгжүүлж дуусах шатандаа байна” гэсэн юм.
Мөн Цагаан даваа, Морингийн давааны төвлөрсөн хогийн цэгт хог хаягдлыг шатааж, эрчим хүч гаргаж авах төслийг хэрэгжүүлэхээс гадна Нарангийн энгэрийн буюу Улаанчулуутын хогийн цэгт хий шатаах байгууламж барих төслийг Солонгос улстай хамтран хэрэгжүүлэх талаар нийслэлээс хэлэлцээр хийж байгаа билээ. Хог хаягдлыг шатааж, эрчим хүч гаргах, боловсруулж барилгын материал үйлдвэрлэхийн тулд иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд хог хаягдлыг зөв ангилж, ялгаж сурах хэрэгтэй байна.