БНЭУ-ын  “Жайпур фут” төслөөр хөгжлийн бэрхшээлтэй 650 хүнд хиймэл гар, хөл үнэ төлбөргүй хийж эхэлжээ

БНЭУ-ын “Жайпур фут” төслөөр хөгжлийн бэрхшээлтэй 650 хүнд хиймэл гар, хөл үнэ төлбөргүй хийж эхэлжээ

Хүмүүнлэгийн “Жайпур фут” төслийг 1975 онд сайн санаат хүмүүсийн тусламж, хандиваар эхлүүлж, өнгөрсөн хугацаанд олон орны хөгжлийн бэрхшээлтэй 2.2 сая иргэнд хиймэл гар, хөл хийж өгчээ. Манай улс энэ төслийг хэрэгжүүлж буй 45 дахь орон болж байна.

Тодруулбал ГБХНХЯ, ЭМЯ, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв, Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв, Энэтхэг-Монголын Эрүүл мэндийн хамтын ажиллагааны төвийн 60 гаруй хүн төслийг хэрэгжүүлэхээр нэг баг болон ажиллаж байгаа аж. Мөн БНЭУ-ын мэргэжилтнүүд Сонсголонд байрлах Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төвд ажиллан, өдөрт 15 хүнд хиймэл гар, хөл хийж өгөхөөр төлөвлөөд байгаа бөгөөд тус төсөл энэ сарын 25-наас 11 дүгээр сарын 9 хүртэл хэрэгжих юм.

“Жайпур фут” төслийн багийн ахлагч Сатиш Чанд Мехта, "Хиймэл хөл, гар хийх технологи байнга шинэчлэгддэг. Энэ арга туршлагаасаа танай улсын протез, ортопедийн үйлдвэрийн ажилтнуудад зааж, мэргэжлийн зөвлөгөө өгөхөд бэлэн" гэжээ.

Мөн Монгол Улсад 111,2 мянган хөгжлийн бэрхшээлтэй хүн байдгийн 21 мянга гаруй нь хөдөлгөөний бэрхшээлтэй аж. Салбар яамнаас боловсруулж буй Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, Саадгүй байдал, хүртээмжийн тухай хууль, Бие даан амьдрах, нөхөн сэргээх үйлчилгээний тухай хуульд туслах технологи, хиймэл эрхтний талаар тусгажээ. Хиймэл гар, хөлийг дунджаар 3-4 жилд солих хэрэгтэй болдог. Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй иргэд нөхөн сэргээх үйлчилгээг тухай бүр авч чаддаггүй, протез, ортопедийн үйлдвэрийн үйлчилгээний хөлс өндөр, нийгмийн халамжийн сангаас гурван жил тутамд протез, ортопедийн үйлчилгээний хөлс олгодог ч чирэгдэл их зэрэг бэрхшээлийг ярьж байв.

Харин  Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Нийгмийн халамжийн сангаас олгох протез, ортопед, тусгай хэрэгслийн нэр, төрөл, жишиг үнийг нэмэх, протезийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг шинэчилж, үйлдвэрлэлд шинэ техник технологийг нэвтрүүлэхэд анхаарч байгааг тус яам мэдэгдсэн юм.