Нийслэлийн хэмжээнд энэ онд багтаан 87 байршилд 162.3 км автозамыг шинэчлэн засварлахаар төлөвлөөд буй. Үүний урьтал болгон нийслэд бордюр солих ажлыг хийсэн. Гэвч энэ нь үнэ болоод гаднын компаниас оруулж ирсэн зэрэг олон маргаан дагуулаад буй. Иймд бид “ШУГАМ” нэвтрүүлгийнхээ 37 дахь дугаарт Нийслэлийн Зам хөгжлийн газрын дарга Б.Одбаярыг урьж оролцууллаа. Түүнтэй бид бордюрыг хэдэн төгрөгөөр хаанаас оруулж ирсэн эсэх, яагаад дотоодын компани сонгоогүй зэрэг асуудлыг хөндөж ярилцлаа.
ВИДЕО:
-Улаанбаатар хотод сүүлийн үед зам хааж, бүтээн байгуулалтын ажлыг хийх болсон. Тус ажил нь яг зам шинэчлэх ажил уу, эсвэл бордюр солих ажил уу гэдгийг хамгийн эхэнд тодруулмаар байна?
-Автозам засвар шинэчлэлийн чухал нэг хэсэг нь бордюр солих ажил. Нийслэл Улаанбаатар хотод энэ жил 87 байршилд 162,3 км автозамд засвар шинэчлэлийн ажлыг хийж байна. Үүнээс одоогийн байдлаар 38 байршилд зам засварын ажлыг хийгээд дуусссан бөгөөд цаашид үргэлжлүүлэн 49 байршилд зам засварыг хийнэ. Мөн автозамыг шинэчлэхийн тулд заавал бордюрыг өндөрлөх шаардлага үүссэн.
-Иргэдийн зүгээс зам засвар шинэчлэлийг дэмжиж байгаа боловч яагаад заавал сурагчдын хичээл эхэлж, замын хөдөлгөөн нэмэгдсэн энэ үеэр хийж байгааг гайхаж байна. Зам засварын ажлыг зуны улиралд хийж болохгүй байсан уу?
-Үүнд хоёр хүчин зүйл нөлөөлсөн. Нэгдүгээрт, байгалийн хүчин зүйл нөлөөлж байна. Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр хийсэн 18 байршил байгаа. Тэдгээр зам засварын ажлыг бүгдийг нь хугацаандаа буюу тав, зургаадугаар сардаа хийж дууссан. Зам засварын ажил улирлын чанартай байдаг. Тодруулбал бороотой үед хийх боломжгүй. Зургаадугаар сараас найман сарын хооронд бороо ихээр ордгийг хүн бүхэн мэдэх байх.
Ер нь энэ үед замын ажил зогсонги байдалтай байсан. Бороотой болон өвлийн хүйтэнд зам засах ажлыг хийж болдоггүй. Харин намрын налгар өдрүүдэд буюу 9, 10 дугаар сард замын ажил хийхэд илүү тохиромжтой байдаг.
Хоёр дахь хүчин зүйл нь санхүүгийн асуудал байна. Үнэт цаасны хөрөнгөөр хэрэгжсэн Нийслэлийн бонд зургаадугаар сарын 25-ны өдөр босгож, тендерээ зарласан. Ялагдсан тал нь өргөдөл гомдол гаргаж, улмаар өргөдлийг нь шалгаж шийдвэрлэнэ гэсээр цаг хугацаа алдсан. Ийм л хоёр хүчин зүйлээс болоод намрын улиралд зам засварын ажлыг хийж гүйцэтгэж байна.
-Иргэдийн зүгээс та бүхний хийж буй автозамын бүтээн байгуулалтын ажлыг бордюр сольж байна гэж харж байгаа. Барилга хот байгуулалтын сайд, Зам тээврийн сайд хамтарсан стандарт гаргажээ. Тэр стандартад замын бордюр нь замаасаа 15 см өндөр байх ёстой гэсэн стандарт гаргасан байна. Харин одоо бетонон бордюрыг чулуун бродюраар сольж байгаа. Яагаад хуучин бетонон бордюрыг ашиглахгүй байгаа вэ?
-Нэгдүгээрт, Барилга хот байгуулалтын яамны баталсан Хот тосгоны барилгын норм ба дүрэм гэж бий. Үүнийг 2006 онд баталсан. Үүнийг 2022 онд шинэчилсэн. Тэгэхээр барилга хот байгуулалтын сайдаар хуучин дүрмийг хүчингүй болгох ёстой байсан. Тухайн үед сайд нь хуучин дүрэм журмаа өөрчлөхгүй гэсээр өдийг хүрсэн. Шинэ сайд маань баталж өгөх байх. Үүн дээр засвар арчлалтын төрлүүд гэж байдаг.
Замын бордюрыг замын хучилтаас дээш 15 см байхад 8 см суурь хийхэд 7 см зөрүү үүснэ. Тэгэхээр энэ нь хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлдөг.
Жишээ нь хөдөлгөөний аюулгүй байдалд жолооч ямар нэгэн байдлаар жолоогоо буруу тийшээ дарлаа гэхэд хөдөлгөөнийг сааруулах үүрэгтэй. Зам засаж, шинэчлэх үед бетонон бордюр хагарч дахин ашиглагдах боломжгүй болдог. Яагаад заавал чулуун бордюр вэ гэхээр дараа нь зам засаж, өндөрлөх шаардлага гарахад яах ч үгүй.
-Ер нь бетонон болон чулуун бордюрын насжилт хэд байдаг вэ?
-Бетонон бордюрыг дөрвөөс таван жил гэж тооцдог ч өвлийн улиралд давс цацах зэргээс шалтгаалан тухайн бордюр насжилтдаа хүрэхгүй байна. Чулуун бордюрын хувьд давс болон бусад хүчин зүйлд нөлөөлөл бага, насжилтийн хувьд өндөр байдаг.
Мөн чулуу үйлдвэрлэгчдийн газраас 2023 оны арван сард хөнгөлөлттэй зээл олгож өгвөл хэдэн ч метр урт өндөр бродюрийг гаргаж чадна гэсэн албан бичгийг ирүүлсний дагуу бид засаг даргад хэлээд хөнгөлөлттэй зээл олгосон.
Авто замын бордюрыг нэгийг нь 118 мянгаар дотоодоосоо худалдан авъя гээд тус ажил эхэлж, энэ дүнгээр төсөвт суугдсан. Улмаар Төв аймагт Сэргэлэн сумд үйлдвэрийн байр нээгээд бордюр хийх ажлаа зургаадугаар сараас хийнэ гэж төлөвлөсөн байсан. Гэвч дотоодоосоо авах гэхээр өдөрт дөрвөн ширхгийг л үйлдвэрлэх боломжтой гэсэн тул үндэсний үйлдвэрлэлээсээ авах боломжгүй болсон.
-Орон нутгийн сонгуульд дэвшиж байгаа нэг иргэн “нэг машин бордюрийг 15 сая төгрөгөөр оруулаад ирлээ. Урд хөршид 19 мянга гэдэг бордюрыг манай дарга нар 178 мянган төгрөгөөр авч ирсэн” гэх мэдэгдлийг хийлээ. Энэ тоо хэр бодитой тоо вэ? Үнэхээр 19 мянган төгрөг юм бол та хэд худалдаад авчхаж болдоггүй юм уу?
-Болно шүү дээ. Замын компаниуд бол худалдаж авъя гэж байгаа. Бид нар бол хувийн компаниудыг хэдэн төгрөгөөр оруулж ирж байгааг мэдэхгүй. Тээвэрлэлтийн хөлс мөн нэмэгдэж байгаа. 19 мянга гэдэг бол Хятадын зүгээр л тэнд сайт дээр байгаа үнийг хэлчихсэн байгаа юм. Гэтэл энэ нэг бүрийн үнэн дээр урсгал зардлын үнэ нэмэгдэнэ. Нэг бордюрыг нэг хүн 30 мянган төгрөгөөр хийдэг.