Энэ есдүгээр сарын 2-ны өдөр "20 минутын хот" үндэсний хороо анхдугаар хурлаа хийсэн. Тус хурлаар нийслэлийн түгжрэлийг бууруулах хүрээнд үндсэн гурван асуудлыг шийдвэрлэсний нэг нь “Автомашинаасаа бууцгаая, автобусанд сууцгаая” буюу төрийн алба хаагчдыг нийтийн тээвэрт суулгах байв. Гэтэл төрийн ордноос өдөр бүр явдаг зургаан автобусанд бараг зорчигч суухгүй байна.
ВИДЕО:
Тодруулбал, “20 минутын хот” хорооны дарга Р.Эрдэнэбүрэн, “Автомашины дугаарын хязгаарлалтыг хэрэгжүүлэх талаар иргэдээс санал авна. Энэ зохицуулалт бол шинэ зүйл биш. Ирэх жилүүдээс өөр шинэ арга хэмжээг авч, түгжрэлийг бууруулна. Нийслэлийн хэмжээнд хэрэгжих томоохон төсөл хөтөлбөрүүдийг эхлүүлэх, мөн төрийн алба хаагчдыг автобусанд суухыг уриална. Улсын их хурлын тамгын газар, ЗГХЭГ-т автобус хүлээлгэж өгнө. УИХ-ын гишүүд, яам тамгынхан эхний ээлжид зогсоолоо тодорхойлж байгаад “машинаасаа бууцгаая, автобусанд сууцгаая” гэдэг уриан дор энэхүү ажлыг өөрсдөөсөө эхлэх шийдвэр гаргалаа” гэсэн юм.
Энэ санаачилга хэрэгжиж эхлээд гурван долоо хоног өнгөрлөө. Өөрөөр хэлбэл, Хотын дарга болон “20 минутын хот” хорооны дарга Р.Эрдэнэбүрэнгийн мэдээлснээр төрийн ордонд ажилладаг 1400 гаруй ажилтан, алба хаагч автобусаар ажилдаа ирж, буцсанаар түгжрэлийг бууруулах бодит алхам болох байв.
Гэтэл бодит байдал дээр уг автобусанд тоож суух ордны ажилтан байхгүй байгаа талаар бид сурвалжиллаа.
-ТӨРИЙН ОРДНООС ӨДӨР БҮР ЗУРГААН АВТОБУС ЯВДАГ Ч ОРДНЫ АЖИЛЧИД ӨӨРСДИЙН УНААГААР ЯВЖ БАЙНА-
Төрийн ордноос өдөр бүр зургаан автобус явж, төрийн ордны ажилчдыг тэдний амьдардаг нийтлэг чиглэлийн тодорхой байршлуудаас авч, буцааж гэрт нь хүргэж өгнө.
Ингэснээр төрийн албаныхан өөрчлөлтийг өөрсдөөсөө эхлүүлж буй сайн жишиг хэмээн тайлбарласан. Гэтэл огтын судалгаагүй энэ ажил төрийн албаны ажилтнуудад чирэгдэл учруулж, төөрөгдөл үүсгэлээ.
Бид ордны гадна 30 минут орчим зогсоход уг автобуснуудад 5-10 зорчигч л суусан байгаа харагдах бөгөөд иргэдийн зүгээс хий зардал гаргаж байна хэмээн бухимдаж буй. Нөгөө талаас харвал энэхүү шийдвэр нь иргэдийн өмчлөх эрхэнд халдаж, төрийн алба хаагчдын хөдлөх хөрөнгө эзэмших боломжийг хааж, чирэгдэл учруулж байгаа хэрэг.
Ямартай ч Хотын даргын Х.Нямбаатарын төрийн ордны 1400 ажилтныг автобусанд суулгаж, түгжрэлийг шийдвэрлэх бодит алхам хийнэ гэсэн нь өрөөсгөл гэдгийг илтгэж, Улаанбаатарчууд автозам дээрээ түгжирч, төрийн ажилтнууд автобусаар бус өөрсдийн тээврийн хэрэгслээр гэртээ ирж, очсон хэвээр байна.