Эверестийн оргилд нэмэлт хүчил төрөгч, шерпа нарын тусламжгүйгээр авиралт хийж Монголын рекордыг тогтоож, оргилдоод харамсалтайгаар амиа алдсан уулчин Л.Пүрэвсүрэнгийн цогцсыг уулнаас буулгах хоёр удаагийн оролдлого амжилтгүй болж, түүнийг Эверестийн оргилд үлдээсэн.
Тодруулбал, Монгол Улсын уулчин Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нар дэлхийн дээвэр Эверестийн оргилд нэмэлт хүчил төрөгч, шерпа нарын тусламжгүйгээр авиралт хийж Монголын рекордыг тогтоож, оргилдоод харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан билээ. Энэ талаар Аялал жуулчлалын газрын уулын авиралтын хэсгийн дарга Ракеш Гүрүнг, "53 настай Цэдэндамбын Өсөхжаргал, 31 настай Лхагважавын Пүрэвсүрэн нар тавдугаар сарын 13-ны өдрийн 11:57 цагт оргилд хүрсэн. Нас барсан уулчдын гар утсанд оргилын гэрэл зургийн нотолгоо байсан. Хоёр уулчин хамтдаа оргилд хүрч, бие биеийнхээ гэрэл зургийг авсан. Хэдийгээр зураг дээр цаг агаар сайхан харагдаж байгаа ч маш их салхитай өдөр байсан. Тэд буухдаа эрчим хүч, хүчилтөрөгчгүй болсон байх" гэж мэдэгдсэн байдаг. Улмаар Эверестэд осолдож амиа алдсан Монголын уулчин Ц.Өсөхжаргалын цогцсыг тавдугаар сарын 25- ны өдөр /2024.05.25/ уулнаас буулгасан бол уулчин Л.Пүрэвсүрэнгийн цогцос 8,300 метрийн өндөрт хадан хавцал дунд байсан бөгөөд цогцсыг уулнаас буулгах хоёр удаагийн оролдлого амжилтгүй болсон учир талийгаачийг Эверестийн оргилд мөнхөд оршоохоор болсон байдаг.
Тэгвэл МУГТ, уулчин Г.Өсөхбаяр "Өглөөний сонин"-д өгсөн ярилцлагадаа "Эверестэд осолдсон хоёр уулчны маань нэгийнх нь цогцос үлдсэн. Буулгаж авчрах юмсан, ар гэрийнхэнд нь хүргэж ирэх юмсан гэж бодсоор яваа. Боломж хайж байна. Бид явах л юм бол буулгаж чадна аа, чадах байх. Олон хүнтэй ярилцаагүй ээ. Бодож л яваа юм. Зардал, санхүүгийн асуудал байна. Ганцаараа биш багаар явах болно. Эверестэд авирахын дайны зардал гарна. Мэдээж зорилго нь Эверест биш, оргил биш. Хүн чанар, зүрх сэтгэлийн дайралт. Хүнээ авчрах авиралт байх болно. Даалгавар ч гэж хэлж болох юм. Уулчид маань бүгд л үүнийг хүсэх байх. Тэнд үлдэх тийм ч сайхан биш шүү дээ. Гэр бүлийнхэнд нь хэцүү байгаа. Нэг жил бэлтгэл хангаж байгаад үзнэ дээ. Манайхаас “Цасны барс”-ын дөрвөн оргилд хүрсэн хоёр, гурван уулчин байгаа байх. Надаас гадна. Бид бүгдээрээ л зорино доо. Памирын нурууг эзлэх монгол уулчид олон төрөх нь эр зориг, тэсвэр хатуужлын сайн үлгэр жишээ болно шүү. Тэр тусмаа манай Монголын эмэгтэй уулчид маш мундаг байгаад бахархаж явдаг" гэлээ,