ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины айлчлалын дараахан НАТО-гийн цэргийн дарга Монголд айлчилж, цэргийн штабын хэлэлцээ хийхээр болжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины айлчлалын дараахан НАТО-гийн цэргийн дарга Монголд айлчилж, цэргийн штабын хэлэлцээ хийхээр болжээ

НАТО-гийн Цэргийн хорооны дарга адмирал Бауэр 2024 оны есдүгээр сарын 8-10-ны хооронд Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын урилгаар манай улсад айлчилжээ. Харин энэхүү айлчлал нь ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины айлчлалын дараахан болсон нь анхаарал татаж байна. 

-НАТО НЬ ХҮЙТЭН ДАЙНЫ ҮЕД ЗӨВЛӨЛТ ХОЛБООТ УЛСЫН ЭСРЭГ БАЙГУУЛАГДСАН БАЙГУУЛЛАГА-

НАТО /North Atlantic Treaty Organization/ нь 1949 оны Хүйтэн дайны үед Зөвлөлт холбоот Улс болон түүний холбоотнууд болох социалист орнуудын эсрэг чиглэсэн Умард Атлантын гэрээний дагуу байгуулагдсан цэрэг, улс төрийн эвсэл юм. АНУ, Канад, Исланд, Их Британи, Франц, Бельги, Нидерланд, Люксембург, Норвеги, Дани, Итали, Португал зэрэг 12 орон анх нэгдэж байгуулсан байдаг бөгөөд 2024 оны байдлаар нийт 32 гишүүн улстай цэргийн байгууллага юм. Өөрөөр хэлбэл НАТО бол ОХУ-ын эсрэг чиглэсэн байгууллага гэсэн үг. Тэгвэл НАТО-ын адмирал Бауэрийн айлчлал ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины дараа болсон нь анхаарал татаж байна.

НАТО-гийн айлчлалаар НАТО-гийн чадавх, хамтран ажиллах чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр яриа хэлцэл хийн, хамтын ажиллагааг бэхжүүлэхээ илэрхийлжээ.

НАТО-Монголын түншлэл нь боловсрол, энхийг сахиулах, чадавхийг бэхжүүлэх замаар хамтран ажилладаг. Адмирал Бауэр НАТО-гийн гишүүн орнууд болон Монгол Улсыг холбож, ардчилсан орнуудын хувьд энх тайван, тогтвортой байдлын үндсэн хүсэл эрмэлзэлтэй байдгийг уламжилжээ.  Түүнчлэн Адмирал Бауэр нь есдүгээр сарын 8-ны өдөр “Таван толгод” Энхтайванг дэмжих ажиллагааны сургалтын төвд (PSOTC) зочилсон байна. Арав гаруй жилийн турш Монголын таван толгод энхийг дэмжих ажиллагааны сургалтын төв нь НАТО-Монголын түншлэлийн сургалт, боловсролын төвийн сүлжээний нэг хэсэг гэдгээрээ онцлогтой юм. Улмаар есдүгээр сарын 9-ний даваа гарагт Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабт зочилсон бөгөөд НАТО-гийн тэргүүлсэн энхийг сахиулах ажиллагаанд оролцож, үүрэг гүйцэтгэсэн Монголын цэргүүдтэй уулзсан байна. Монгол Улс 16 жилийн турш НАТО-гийн үйл ажиллагаанд их, бага хэмжээгээр оролцож ирсэн.

-2024 ОНД НАТО-ГИЙН ТӨВ БАЙРАНД НАТО БОЛОН МОНГОЛ УЛС ЦЭРГИЙН ШТАБЫН ХЭЛЭЛЦЭЭ ХИЙНЭ-

Түүнчлэн есдүгээр сарын 10-ны өдөр Адмирал Бауэр Монгол Улсад суугаа холбоотны Элчин сайдын яамдын төлөөлөгчдийг хүлээн авч уулзсанаар түүний айлчлал өндөрлөсөн байна. НАТО болон Монгол Улс 2005 оноос хойш яриа хэлэлцээ, хамтын ажиллагаа өрнүүлж байгаа бөгөөд 2012 оны гуравдугаар сараас эхлэн бие даасан түншлэл, хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд ажиллаж ирсэн.

Улмаар 2024 онд Монгол Улс НАТО-той анхны бие даасан түншлэлийн хөтөлбөрт шилжсэн.

Үүнд эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдлын хөтөлбөр, уур амьсгалын өөрчлөлт ба аюулгүй байдал, онцгой байдлын менежмент, хүний ​​​​аюулгүй байдал, кибер хамгаалалт зэрэг олон асуудлаар хамтын ажиллагаа орно. Уг айлчлалын хүрээнд 2024 оны аравдугаар сард НАТО-гийн төв байранд НАТО болон Монгол Улс цэргийн штабын хэлэлцээ хийхээр болжээ.

Эх сурвалж: NATO Homepage