“Араатны хаан арслан” хүүхэлдэйн кинонд дуу оруулсан жүжигчин Жеймс Эрл Жонс таалал төгсжээ

“Араатны хаан арслан” хүүхэлдэйн кинонд дуу оруулсан жүжигчин Жеймс Эрл Жонс таалал төгсжээ

Нэрт жүжигчин Жеймс Эрл Жонс 93 насандаа таалал төгссөн талаар түүний төлөөлөгч Барри Макферсон өчигдөр /2024.09.09/ мэдэгджээ.

 Жеймс Эрл Жонс  даваа гарагт гэр бүлийнхнийхээ дэргэд таалал төгссөн байна. Түүний нас барсан шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа аж. Тэрбээр “Оддын дайн” кинонд Дарт Вейдер, 1994 онд дэлгэцнээ гарсан “Араатны хаан арслан” хүүхэлдэйн кинонд Муфасагийн дүрд дуу оруулсан юм.  Ж.Жонс 1969 онд Бродвейн “The Great White Hope”, 1987 онд “Fences” жүжигт бүтээсэн дүрээрээ “Тони” шагнал хүртэж байсан аж.  Мөн 1991 онд “Gabriel's Fire”, “Heat Wave” телевизийн олон ангит киноны дүрээрээ “Эмми” шагналыг хүртэж байв. Түүнчлэн 1977 онд тэрбээр “GreatAmerican Documents” цомгоороо “Грэмми” шагналын эзэн болжээ. CNN-ээс “Жеймсийг таалал төгссөн тухай мэдээг сонсоод бид гүнээ эмгэнэн гашуудаж байна, тэрбээр олон арван жилийн турш CNN брэндийн дуу хоолой болж ирсэн. Энэ гайхалтай хоолой бол Жеймсийн талаар дэлхий дахинаараа санан дурсах олон зүйлийн зөвхөн нэг нь юм. Бид зүрх сэтгэлээрээ түүний ар гэрийнхэнтэй хамт байна” гэж тус телевиз мэдэгджээ.