"Эрдэнэт үйлдвэр"-т бүртгэлтэй “Лексус-570” автомашиныг акталж, 16 саяар авсан хэрэгт холбогдож байсан "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ерөнхий инженер Т.Батмөнхийн ажлын байр болон хувийн сууцанд Эрүүгийн цагдаагийн албанаас өнгөрсөн өдрүүдэд нэгжлэг хийж, Улаанбаатар хот руу авч явсан гэдгийг эх сурвалж мэдээллээ.
Тодруулбал, Т.Баянмөнх нь соёлын өвийн хууль бус худалдааг хийхдээ хууль бусаар олсон орлого байж болзошгүй валют арилжаагаар хийсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ. Тиймээс түүний орон байранд нь хуулийн байгууллагаас нэгжлэг хийсэн байна.
Улмаар нэгжлэгээр их хэмжээний бэлэн ам.доллар, эртний эдлэл зэргийг илрүүлж, хураан авчээ. Өдгөө мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Эргэн сануулахад, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ерөнхий инженер Т.Батмөнхийг Авлигатай тэмцэх газраас 140 сая төгрөгийн үнэлгээтэй “Лексус” -570 маркийн тээврийн хэрэгслийг зах зээлийн үнэнээс хэт доогуур буюу приус-20 маркийн тээврийн хэрэгслийн үнээр худалдан авсан гэх асуудлаар шалгаж улмаар түүнд холбогдох хэргийг гурван шатны шүүх хэлэлцсэн байдаг юм. "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ерөнхий инженер Т.Батмөнхтэй холбоотой дээрх хэргийн талаар бид эргэн мэдээлэх болно.