Голууд үерлэж байгаа тул орон нутгийн замд болгоомжтой зорчихыг анхаарууллаа

Голууд үерлэж байгаа тул орон нутгийн замд болгоомжтой зорчихыг анхаарууллаа

Сүүлийн өдрүүдэд томоохон гол мөрнүүд үерлэж байгаа тул орон нутгийн замд сэрэмж болгоомжтой зорчихыг Зам, тээврийн яамнаас анхааруулж байна. Тухайлбал, энэ сарын 6-ны өдрийн байдлаар Сэлэнгэ, Хараа, Орхон гол үертэй, Хэнтий, Дадал сум орчимд Онон голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 20-30 см нэмэгдсэн байна.

Мөн Босгийн гүүр-Улаанбаатар-Алтанбулаг болон Лүн сумын чиглэлд Туул гол үерийн аюултай түвшинг давжээ. Дорнод, Эрээнцав орчимд Эг, Улз гол, Хонгон-Чойбалсан чиглэлд Хэрлэн гол үерийн түвшинг 5-35 см давж, үерийн аюултай түвшинд хүрсэн байна. Мөнгөнморьт-Багануур-Өндөрхаан чиглэлд Хурх, Барх, Онон, Балж, Хэрлэн гол үерлэсэн аж. Сэлэнгэ мөрөн, Орхон голын дунд болон адаг хэсгээр усны түвшин 5-20 см, Хэрлэн гол Өндөрхаан-Чойбалсан хот орчимд 5-15 см-ээр нэмэгдэхээр байгааг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа.