Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлээд байсан. Харин шүүхээс тус хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаагаад байгаа.
Ж.Гарьдад холбогдох хэрэг өдгөө прокурорт ажиллагаанд байгаа бөгөөд түүний хахуулийн мөнгөөрөө худалдан авсан барилгыг улсын орлого болгохоор Төрийн өмчийн бодлого зохицуулалтын хороо ажиллаж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Тиймээс бид Ж.Гарьд нь хэрхэн мөнгө угааж байсан асуудлыг энэ удаад хөндөж байна.
ВИДЕО:
УБТЗ-ын дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Ж.Гарьд нь хахуулийн мөнгөнийгөө хэлбэрийг өөрчилж, Баянгол дүүргийн 17 дугаар хороо дөрөвдүгээр хороололд байрлах "Сити" зочид буудлын зургаан давхар барилгыг худалдан авсан байжээ. Үүнийг нь хуулийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааны явцад илрүүлсэн гэх мэдээлэл байгаа юм. Тиймээс ч өдгөө тус барилгыг улсын орлого болгохоор ажиллаж байгаа аж.
Ж.Гарьд нь “Жи Ар Ди Реалти” гэх өөрийн нэр дээр бүртгэлтэй байсан компаниараа дамжуулан тус обектыг 650 мянган ам.доллараар худалдан авсан байна.
Ингэхдээ хахуулийн мөнгөө гаднын улс оронд бүртгэлтэй компаниудаар дамжуулан, зүсийг нь хувиргадаг байжээ. Учрыг нарийвчилбал, Ж.Гарьдын худалдан авсан зочид буудлын 650 мянган ам.доллар нь Дубайд бүртгэлтэй “Ансу трейд” гэх компаниас шилжиж орсон байх аж. Харин тус компани руу Д.Жигжиднямаа агсны төрсөн дүү Д.Жүгдэрнямаа, хүү Ж.Гарьд нарын эзэмшлийн “Скай профейшнл ложистик” ХХК мөнгө шилжүүлдэг байжээ. Мөн “Скай профейшнл ложистик” ХХК руу Д.Жүгдэрнямаагийн Хонконгт бүртгэлтэй "Class Trading Limited" LLC гэх компани мөнгө шилжүүлэх байдлаар хахуулийн мөнгөнийхөө хэлбэрийг нь өөрчилж, улмаар дээрх объектыг худалдан авсан байна.
Мөн тухайн компаниас 2013-2017 онд:
- УБТЗ ХНН дарга Д.Жигжиднямаа 250 мянган ам.доллар,
- “Скай профейшнл ложистик” ХХК захирал Ц.Жүгдэрнямаа 320 мянган ам.доллар,
- Д.Жигжиднямаагийн хүү Ж.Гарьд 120 мянган ам.доллар,
- УБТЗ-ын Бээжин дэх төлөөлөгч Б.Энхбаяр 38 мянган ам.доллар,
- УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы дүү Б.Учралсайхан 127.7 мянган ам.доллар,
- Д.Ганзориг гэгч 384 мянган ам.доллар,
- “Жоконди” ХХК 612.4 мянган ам.доллар,
- “Ай Си Ай Си” ХХК 62.9 мянган ам.долларыг тус тус хувийн данс руугаа шилжүүлж авсан гэх мэдээлэл ч байна.