"Даргын талаар бичихдээ өөрөөс нь заавал зөвшөөрөл авдаг байх" хуулийн заалтаар сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг ялласан уу

"Даргын талаар бичихдээ өөрөөс нь заавал зөвшөөрөл авдаг байх" хуулийн заалтаар сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг ялласан уу

Өнгөрсөн долоо хоногт олон хүний анхаарлыг татсан нэг сэдэв нь Zarig.mn сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн шүүх хурал болж, түүнд дөрвөн жил есөн сарын хорих ял оноосон явдал байлаа. Дэлхийд хамгийн хүнд, хэцүү ажлын тоонд “сэтгүүлч” гэсэн мэргэжил ордог.

Тодруулбал, улс төрчид өөрсдийнхөө хийж буй хууль бус, бусармаг зүйлийг олон нийтэд ил болгохгүй байхыг зорихдоо зарим сэтгүүлчдийг хахуульдан өөртөө урвуулж, заримд нь хэрэг тохон, сэтгүүчдээс өшөө авах зорилгоор гүтгэх явдал Монголд их гарч байгаа тухай “Америкийн дуу хоолой” хэвлэлээс бэлтгэн гаргасан нийтлэлийг бид орчуулан хүргэсэн. Уг нийтлэлийг ЭНД ДАРЖ уншина уу.

-МОНГОЛ УЛС ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ИНДЕКСЭЭР ЭНЭ ОНД 21 БАЙР УХАРЧ, 180 ОРНООС 109 ДҮГЭЭР БАЙРАНД ЭРЭМБЭЛЭГДСЭН-

Монгол Улсад хэвлэлийн эрх чөлөө жилээс жилд хумигдаж байгааг RSF-ийн Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексээс харж болно. Хэвлэлийн эрх чөлөөний индексээр Монгол Улс өмнөх оныхоос 21 байр ухарч, 180 орноос 109-д бичигдсэн.

Энэхүү жагсаалт болон сэтгүүлч ажил мэргэжлээ явуулсныхаа төлөө хоригдож байгаа эл явдал нь Монгол Улсад хэвлэлийн эрх чөлөөг “хуулиараа хумих” бодлого явуулж байгааг харуулж байна.

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн жишээн дээр авч үзвэл түүнийг Эрүүгийн хуулийн 13.11 дүгээр зүйлийн 2.1 /Хувь хүний нууцыг задруулах/, 13.14 дүгээр зүйлийн 1 /Худал мэдээлэл тараах/, 18.3 дугаар зүйлийн 1 /Татвар төлөхөөс зайлсхийх/, 18.6 дугаар зүйлийн 1 /Мөнгө угаах/, 19.11 дүгээр зүйлийн 1 /Төрийн нууцыг хууль бусаар олж авах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байдаг.

-ДАРГЫН ТАЛААР БИЧИХДЭЭ ӨӨРӨӨС НЬ ЗӨВШӨӨРӨЛ АВДАГ БАЙХ ТУХАЙ ХУУЛИЙН ЗААЛТААР СЭТГҮҮЛЧ Н.ӨНӨРЦЭЦЭГИЙГ БУРУУТГАСАН-

Тэгвэл сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг ялласан Эрүүгийн хуулийн 13.11 дүгээр зүйлийн 2.1-д Хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж мэдсэн хүн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр задруулсан бол ял шийтгэнэ гэсэн заасан байна. Өөрөөр хэлбэл иргэд болон сэтгүүлчид даргын талаар бичихдээ заавал даргаас өөрөөс нь зөвшөөрөл авдаг болно гэсэн үг. Энэ нь Үндсэн хуулийн 16-р зүйлийн 16 дугаар заалт буюу “Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхтэй” гэсэн заалтыг зөрчих, цаашлаад хардах эрхийг боомилох заалт байгаа юм.

Энэхүү заалтыг 2021 онд Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн 29.2-т тусгасан байсныг isee.mn сайт анх олны анхааралд оруулж, улмаар хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад уг заалтыг хассан байдаг. Гэтэл Эрүүгийн хуульд 2021 онд өөрчлөлт оруулж 13.11 дэх хэсэгт тус заалтыг нэмж өгсөн. Ийнхүү даргын талаар бичихдээ заавал даргаас зөвшөөрөл авдаг болох заалт эрүүгийн хуульд нэмэгдэж, энэ зүйл заалтаар сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг ялласан байж болзошгүй байна.

-СЭТГҮҮЛЧ Н.ӨНӨРЦЭЦЭГИЙГ ЯЛЛАСАН ТАТВАРААС ЗАЙЛСХИЙСЭН ГЭХ ЗААЛТ НЬ ХОРИХ ЯЛГҮЙ ЗААЛТ ЮМ-

Түүнчлэн сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох дараагийн нэг заалт бол Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 буюу татвар төлөхөөс зайлсхийх. 

Тодруулбал, Эрүүгийн хуулийн 18.3 дахь хэсэгт “Татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэжээ. Өөрөөр хэлбэл энэхүү заалт нь хорих ялгүй заалт байгаа юм.

-ТӨРИЙН НУУЦЫГ ЗАДРУУЛСАН ХҮН НЬ БУС ХАДГАЛСАН ХҮН НЬ БУРУУТДАГ ХУУЛИЙН ЗААЛТ-

Мөн сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох дараагийн нэг хэрэг нь Эрүүгийн хуулийн 19.11 дүгээр зүйлийн 1 буюу “Төрийн нууцыг хууль бусаар олж авах” тухай заалт юм.

Тодруулбал, төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлсийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан нь эх орноосоо урвах, тагнуул хийх гэмт хэргийн шинжгүй бол зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.

Сэтгүүлчид бол төрийн нууцыг мэдэх эрхтэй тусгай субьект биш. Төрийн нууцыг олж авсан бол түүнд хэн нэгэн тусгай субьект дамжуулсан гэсэн үг. Гэтэл төрийн нууцыг хадгалсан нь буруутан болж, төрийн нууцыг задруулж, бусдад дамжуулсан тусгай субьект нь “уснаас хуурай гарах” хуулийн заалт байна. Сэтгүүлч Н.Өнөрцэцэг ч шүүх хурлын үеэр, "надад үнэхээр төрийн нууц материал байсан юм бол түүнийг дамжуулсан хүнийг ч шалгах ёстой” гэдгийг удаа дараа хэлж байв.

Энэ мэтчилэн хуулиараа аль нэг даргыг хамгаалж, иргэд рүү тэр дундаа сэтгүүлчид рүү дайрч, хэвлэн нийтлэх эрх чөлөөг жилээс жилд хумих бодлого явуулж буй хууль батлах дээд байгууллага болох УИХ нь хэвлэлийн эрх чөлөөг анхааралдаа авах цаг болсныг сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн хэрэг харууллаа.