Монголчууд эртнээс уламжлагдсан “Эрийн гурван наадам”-ыг үүх түүх, тусгаар тогтнолоороо бахархах өдрүүд хэмээн тэмдэглэн өнгөрүүлж цэц мэргэн, хүчин бөх, хурдан морио шалгаруулан түмэн олондоо зарладаг. Эл заншлын нэгээхэн хэсэг болсон нэгэн сонирхолтой зүйл нь “Баян ходоод” буюу хамгийн сүүлд хурдалсан морийг цоллох явдал юм. Ингэхдээ Монгол хүн амны бэлгээрээ хэмээн “Энэ жилийн баян ходоод, ирэх жилийн түрүү магнай” хэмээн ерөөдөг билээ.
Тэгвэл тус ерөөлийн эзэн болж түрүү жилийн “баян ходоод” болсон халзан даагаа, шүдлэн насанд нь дахин уяж түрүү магнай хүртээд буй Булган аймгийн Хангал сумын залуу уяач Т.Эрдэнэ-Одыг бид энэ удаа онцоллоо.
ВИДЕО:
Т.Эрдэнэ-Од халзан дааганыхаа талаар ярихдаа, “Орхон аймгийн Аймгийн алдарч уяач Бат-Эрдэнэ надад халзан даага бэлэглэсэн. Тэгээд тэр жилдээ өөрөө уяа сойлгыг нь тааруулж өгөөд Орхон аймагт уралдаад 11-ээр хурдалсан. Тус аймаг 10 аар хурдан морьдоо 10-р таслаад 11-т хурдалсан учир Баян ходоодоор авч, цоллосон. Тухайн үед наадмын талбайд морио хөтөлж ороход наадамчин олон алга ташиж маш гоё хүлээж аваад “Энэ жилийн баян ходоод, дараа жилийн түрүү магнай” гэж ерөөж байсан. Харин энэ жил даага маань шүдлэн насанд уралдаж, Улсын тэргүүний Сэлэнгэ суманд очиж түрүүлсэн. Сая Булганд очиж уралдаад 10 хэдээр хурдалсан. Одоо Хангал сумынхаа 100 жилд уралдана” хэмээсэн юм.
Мөн түүний хувьд өөрөө хотод суурин ажилладаг учир морь уяхад нь ах нар, гэр бүлийнхэн нь дэмжиж, тусалдаг аж. Тэрбээр “Би ажлын завсраар уяан дээрээ очиж туслалцаж байгаад буцдаг. Миний даагыг түрүү жил Аймгийн алдарт уяач Буриад ах маань уяж өгсөн. Даагандаа сум, овооны наадамд нэлээд хэд айрагдсан. Харин энэ жил Аймгийн алдарт уяач Элдэв ах маань уяж өгч байгаа. Олон айраг, түрүү авч байгаа ах нартаа баярлалаа гэж хэлье.
Миний хувьд багаасаа адуу малтай ойр өссөн. 2011 оноос эхлэн хурдан морь унаж эхэлсэн. 14 нас хүртлээ хурдан морио унаж мөн аймаг, сумын наадамдаа амжилттай оролцож байсан. Төрсөн ах маань морь уядаг учир надад тусалдаг. Харин аав, ээж маань маш сайн дэмждэг. Тиймээс би адуугаа цаашид өшөө олон болгон өсгөж, чанаржуулах зорилготой байгаа” гэв.
Харин уяач хүний хувьд хамгийн хэцүү зүйлээ ярихдаа, Морь уян, уралдуулна гэдэг бүтэн жилийн хөдөлмөр нэг өдрийн айдас, баяр баясан байдаг. Уяач нарт тохиолддог хамгийн хэцүү зүйл нь морин түрүүлж байгаад хүүхэд юм уу, морь нь эндэх. Барианд хүлээж байгаа уяачийн морь, хүүхдэд ямар нэг эндэгдэл учрахад өөрийн эрхгүй нулимс гардаг. Тэр л хамгийн хэцүү гэдгийг хэлж байлаа.