Эрт дээр үед Монголын тал нутагт хаанаас ирсэн нь үр мэдэгдэх ядарч, цуцсан монгол адуу энд тэнд гүйж яваа нь үзэгддэг байсан гэх. Эл яриаг лавшруулбал дайн тулаанд яваад харь нутагт үлдсэн болон Монголоос бэлгийн чанартай гарсан, хил дамнан арилжаалагдсан адуунууд Ази, Европоос нутгаа зорин гүйж ирдэг байсныг монголчууд ам дамжуулан ярьж, үнэн хэмээн итгэдэг байжээ.
Үүнийг харсан, үзсэн батлах хүн ч олон хэмээдэг. Улмаар дээрх адууг монголчууд “Гүйгүүл морь” хэмээн нэрийддэг болсон билээ. Энэ л түүх амнаас ам дамжиж дуу, шүлэг болсон нь олонтоо,
“Газар үнэрлэн ергөж яваа
Ганц морийг битгий үргээ
Эхийнхээ хээлэнд зарагдсан унаг
Ижлээ орхин нутаг руугаа гүйж явна” хэмээн шүлэглэн дуулсан монгол хүн бүрийн сэтгэлийг утсыг хөндсөн уран бүтээл ч бий. Харин өдгөө “монгол адуу нутгаа зорин гүйдэг” гэх ярианд гаднынхан итгэх байтугай монгол залуус үлгэр хэмээн, өөрсдийн түүхээ үгүйсгэдэг болсон. Иймд монгол адуунд нутгаа зорин гүйдэг ухаан байдаг гэдгийг баталж, дэлхийд таниулахаар “Дэлхийн морьтнууд” төслийн баг монгол адууны тухай баримтат киноны ажлыг эхлүүлсэн юм. Улмаар 2022 онд бага насандаа зарагдсан хоёр монгол адуу унасан газраа зорьж, идээшсэн бэлчээр ижилдэн дассан сүргээ орхин гүйж явааг баримтжуулж “Гайхамшигт монгол адуу” баримтат киног бүтээсэн билээ.
Тодруулбал, Говь-Алтай аймгийн Баян-Уул сумаас Сүхбаатар аймгийн Уулбаян сум хүрэхээр "Голомт хээр", Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумаас Дорнод аймгийн Цагаан-Овоо сум хүрэхээр "Гал хүрэн" морьд эх нутгаа зорин мянга гаруй км замыг туулж нутагтаа очсон. Мөн тус киног хоёр сая гаруй хүн үзсэн байдаг.
Хамгийн сонирхолтой нь тус бүтээлийг хийсэн кино багийнхан хоёр морь хүний ч олохооргүй замаар эгц шулуун давхина гэж төсөөлөөгүй аж. Мөн эл бүтээлийн дараа морь судлаачдын дунд монгол адуу нутаг, сүрэг, эзэн гэх гурван зүйлээс чухам аль руу нь тэмүүлж гүйдэг нь асуултын тэмдэг хэвээр үлджээ.
Тиймээс “Дэлхийн морьтнууд” төслийн баг дахин хоёр морь гүйлгэхээр төлөвлөсөн юм. Ингэхдээ тус бүтээлийг дэлхийд гаргаж, монгол морины гайхамшгийг үнэт өвөөр бүртгүүлэх зорилготой Сэлэнгэ аймгаас Баянхонгор хүртэл дахин хоёр морь гүйлгэсэн билээ. Бид мөн энэ талаар нэвтрүүлэг бэлтгэн хүргэж байв. Өмнөх ярилцлагыг ЭНД ДАРЖ харна уу. Улмаар уг нэвтрүүлэг саяхан Монголын Үндэсний олон нийтийн телевизээр гарч, олон түмэнд хүрээд буй.
Хамгийн сонирхолтой нь уг нэвтрүүлгийн үеэр дахин нэг монгол адууг Вьетнамаас Монгол гүйлгэх талаар цухас дурдагдсан. Иймд бид энэ талаар дэлгэрүүлэн “Дэлхийн морьтнууд төслийн санаачлагч Ю.Үнэнбүрэнтэй ярилцлаа.
ВИДЕО:
Тэрбээр “Олон жилийн судалгаа, баримтыг үндэслэж Вьетнамаас Монгол гүйсэн морины бодит түүхээр кино бүтээж байгаа. Бидний энэ олон адууны талаарх баримтат киноны зорилго нь Нэгдүгээрт, Монгол адуу гэж ямар гайхамшигт амьтан болохыг дэлхийд таниулж, хойч үедээ баримтыг нь үлдээх, Хоёрдугаарт, ерөөсөө л адуугаар дамжуулан “эх орон, эх нутаг” гэдэг ямар эрхэм чухал гэдгийг элэг нэгтнүүддээ ойлгуулах явдал” хэмээсэн юм. Ингээд түүний ярилцлагыг хүлээн авна уу.
-2023 оны тавдугаар сард хийсэн нутгаа зорин гүйж байгаа хоёр морины талаар гарах “Дэлхийг тамгалсан монгол адуу” баримтат кино нь Монголын Үндэсний телевизээр олон нийтэд хүрч, монголын ард түмэн маш сайхан хүлээж авлаа. Таны сэтгэгдэл ямар байна?
-Манай монголчуудад нэгдэх зүйл байна. Тэр нь морь. Өмнөх хоёр морины тухай “Гайхамшигт монгол адуу” баримтат нэвтрүүлгийг зөвхөн манай Дэлхийн морьтнууд пэйж хуудсаар 2 сая 800 мянган хүн үзэж байсан. Саяны “Дэлхийг тамгалсан монгол адуу” баримтат киног гаргахад мөн л зөвхөн манай пэйж хуудаснаас сая 800 мянган хүн үзэж байх жишээтэй. Энэ нь Монголчуудын адуун соёл дээр нэгдэж чаддагийн нэг илэрхийлэл болж байна даа гэж маш их баярлаж хүлээж авлаа. Маш их баяртай байна. Үзсэн, гоё сайхнаар хүлээн авч утсаар болон янз бүрийн сошиал сувгаар сэтгэгдлээ илэрхийлсэн бүх хүнд баярлалаа гэж хэлмээр байна. Монгол адуундаа хайртай байгаа түмэн олноороо бахархаж байна.
-Өмнө нь гүйлгэсэн хоёр морины нэвтрүүлгээ сайжруулж, дахин хоёр адуу хоол тэжээлгүй, бартаат замаар нутгаа зорин гүйж буйг баримтжуулсан. Энэ удаагийн баримтат киногоо ингэж хийхээр төлөвлөсөн гол зорилтуудын нэг нь олон улсад гаргах байсан шүү дээ. Энэ төлөвлөгөө юу болсон бэ?
-Тэр төлөвлөгөө хэвээрээ. Хоёр морины баримтат киног хийхэд морь гүйлгэх 20-иод хоног, 700 км замд дагах гээд нэлээд их ажил болсон. Энэ бүх үйл явдлыг баримтат кино болгоход маш их танаж, богино болгоно шүү дээ. Гэхдээ гүйгүүл морьдын нутаг гүйж буй хором мөч, өдөр бүрийн агшныг хүнд үзүүлж чадахгүй кино болгоод янзалчихна гэдэг жаахан харамсалтай байсан юм. Тиймээс өмнө нь хийсэн гүйгүүл морины тухай “Гайхамшигт монгол адуу” баримтат киноныхоо үргэлжлэл болгоод энэ удаагийн видео контентоо ийм зүйл болдог юм байна шүү гэдгийг бүрэн эхээр нь хүмүүст үзүүлье гэж бодоод гаргасан. Баримтат кино нь бол “Дэлхийг тамгалсан монгол адуу” нэртэйгээр гарах юм. Тэр киноны ажил одоо 70 хувьтай явж байгаа.
Ер нь яагаад заавал энэ үйл явдлыг баримтат кино болгох гээд байгаа вэ гэвэл монгол адууны дэлхийд гүйцэтгэсэн сайн, муу олон үүрэг бий. Манай адуу олон ч дайн байлдаанд оролцож явсан. Дэлхийн хоёрдугаар дайнд гэхэд л оросоор дамжуулан 500 мянган агт адууг бид өгч явуулсан байдаг. Тэд дайнд бидний өмнөөс оролцсон байгаа юм. Бас вьетнамчууд америкуудтай асуудалтай болж, сөргөлдөөн үүсэхэд мөн л вьетнамд монгол адуу бэлэглэсэн гэхчлэн маш олон зүйл үйл явдалд монгол адуу оролцож байж. Бүр хэдэн зууны өмнө дэлхийн талыг туурайгаараа тамгалж явсан түүх ч бий. Ийм түүхтэй ямар адуу байна вэ гэвэл өнөөдөр манай дэлхийд зөвхөн монгол адуу л байгаа юм байна. Тиймээс монгол адууны дэлхийд гүйцэтгэсэн үүргийг сануулахын зэрэгцээ монгол адуу, монгол хүний хоорондын харилцаа нэг нэгнээ дээдэлж, шүтдэг арга барилыг харуулахыг зорьсон. Дээрээс нь монгол адуу гэж хэн юм, монгол адууг яагаад шүтдэг юм, яагаад монгол адуу гэдэг амьтан биднээс илүү хувь заяатай байгаа юм гэдгийг баримтаар нотолж, кино болгон түмэн олонд үзүүлэх гээд байгаа юм.
-Саяхан гарсан “Дэлхийг тамгалсан монгол адуу” баримтат кино талаарх нэвтрүүлгээс нэг зүйл ажигласан юм. Юу вэ гэвэл нэвтрүүлгийн дунд үлгэр домог мэт яригддаг Вьетнамаас Монгол нутгаа зорин гүйсэн гүйгүүл морины талаарх нэвтрүүлэг хийх талаар хэлсэн. Энэ үнэн үү?
-Вьетнамаас Монгол руу адуу гүйсэн гэж намайг бага байхад л ярьдаг байсан. Гэхдээ эл яриаг болсон явдал гэхээс илүүтэй үлгэр, домог гэдэгт нь ихэнх хүн итгэдэг. Тэр битгий хэл Монгол Улсын нэртэй төртэй уяач хүртэл “наадах чинь худлаа шүү” гэдэг. Тэгэхээр залуучуудад энэ түүхийг яривал бүр худлаа гэнэ. Магадгүй “Боль доо. Үнэнбүрэн ах аа. Тэр хол вьетнамаас саад бэрхшээл туулаад адуу гүйнэ гэж байхгүй” гэх байх. Гэтэл бид энэ үйл явдлыг баталгаажуулсан. Хамгийн гайхалтай нь энэ түүх өөрөө монгол түмэнд үнэн бодитоороо орших хамгийн том босго нь юу вэ гэвэл гүйж ирсэн гэх тэр адууны эзэн нь амьд байна. Төв аймгийн Мөнгөн морьт суманд амьдардаг их эмчээр олон жил ажилласан Лхам гэж хүн байна. Одоо 87 настай. Ухаан санаа эрүүл болсон бүх зүйлээ сайхан ярьдаг “Гүйж ирсэн гэх "Хүрэн азарга"-ын чих нь яагаад хулгар болсон, тэр адууг яаж азарга болсон. Вьетнам руу яагаад ачигдсан” гээд бүх зүйлсийг нь ярьж байна лээ. Тухайн үед Монголоос Вьетнамд адуу бэлэглэхээр болж айл болгонд квот өгөөд, айлуудын адууг шалгаж авахдаа эрүүл байх ёстой, нурууны өндөр тэд байх ёстой гэхчлэн өндөр шалгуураар авч байсан юм байна лээ. Тухайн шалгуурт нь ихэнх айлуудын адуу тэнцдэггүй байсан юм байна. Гэтэл тэдний өгөх ёстой адуунуудын нэг нь уг шалгуурт тэнцээгүй байгаа юм. Тэр үед айл болгон олон адуугүй байлаа шүү дээ. Тэгээд өөр адуу тэнцүүлж өгөхгүй бол социалист ах дүү, найрамдалт улсад тусалж байгаа ажилд адуу өгөлгүй хориг тавьсан буруутан болох байж. Нийгэм нь тийм байсан байгаа юм. Тиймээс л арга буюу нөгөө азарга аа явуулж байсан юм байна лээ.
Тэр үед ээ тухайн гэр бүл азарга аа явуулчхаад бараг л хүн үхүүлчихсэн юм шиг сар гаруйн уй гашууд автаж байсан гэдэг. Тэгтэл жилийн дараа нөгөө азарга нь гүйгээд ирсэн. Ирэхдээ тугал шиг биетэй туранхай болчихсон. Гуянд нь өргөст торны төмөр зоогдоод үлдчихсэн. Маш олон шарх сорвитой. Хүн харахын араггүй нүд халтирам болчихсон. Тэгсэн хэр нь эзнээ хараад толгойгоо эргүүлээд унгалдаж байсан гэх тэр гайхамшгийг Лхам гуй ярьж байна.
Энэ гайхамшгийг нүдээр үзсэн хүнээр яриулах завшаан тохиосон нь бидний аз.
-Энэ түүхийн талаар судалж үзсэн үү. Энд тэнд хадгалагдаж үлдсэн баримт юу байдаг юм байна. Байдаг бол ямар байгууллагуудад хадгалагдан үлдэж үү?
-Судалгааны ажил нэлээд урт хугацаанд үргэлжилсэн. Батлан хамгаалах яамны архиваас албан ёсны хүсэлт гаргаад тухайн үед хэдэн цэрэг явсан. Монгол адууг яаж хүргэж өгсөн гэдгийг үзэхэд 138 цэрэг явсан нь гарч, тухайн цэргүүдийн нэрийг надад өгсөн юм. Тэгээд тэр 138 цэргийг хайж, амьд байгаа хүмүүсийг нь олж уулзах гэж хоёр жил ажилласан. Нутаг усыг нь тогтоогоод хайж, утсаар яриад, хаана ямар хүн амьд байна гэж нэлээд нарийн хайсан. Эцэст нь бид олсон. Дээрх 138 цэргээс найман хүн амьд байгаа. Тэд газар газрын л хүмүүс байсан. Өмнөговь, Хөвсгөл, Дорнод, Баян-Өлгий гээд өөр өөр газарт байдаг. Энэ хүмүүстэй очиж ярилцахад, ихэнх нь “хонь хүргэж өгсөн” гэсэн.
Тухайн үед хонь, адуу хоёр хамтад нь хүргэж өгсөн юм байна лээ. Харин энэ найман хүн дунд яг адуу хүргэх ажилд гар бие оролцож явсан хоёр л хүн байсан. Нэг нь Өмнөговь аймгийн Баяндалай сумын Магуун гэдэг өвгөн. Тэр өвөө “Монголоос адуу ачиж явахад ямар өрөвдөлтэй, хэцүү байсан. Буулгахад яаж байсан “ гээд бүх процессыг ярьсан. Нөгөө буцаж гүйсэн Хүрэн азарга бол дөнгөж буулгаад тавихад нь хашаан дээгүүр гарч зугтаад алга болчихсон гэж байгаа юм. Тэндээс тэгж оргоод, явсаар нутагтаа хүрээд ирсэн нь тэр.
-Баримтуудын хувьд монголоос бол хангалттай олдсон байна шүү дээ. Гэхдээ вьетнамаас гүйсэн гэхээр төсөөлж үзэхэд хятадаар дамжиж ирэх байх. Үнэхээр л хол газар. Хаагуур яаж ирсэн чигийг нь яаж гаргав. Дээрх түүхийг кино болгох боломж нь яаж бүрдэв?
-Ийм гоё зүйлийг судлаад түүнийхээ төлөө яваад албан ёсоор хойч үедээ зөв сайхнаар үлдээчих юм сан гэж баримтат кино хийхээр зүтгэж байгаа энэ үед бидэнд тусалж байгаа олон ч хүн байна. Би энэ талаар судалж байгаад “за ер нь яаж гүйсэн бол” гэж бодоод унтаж чадахгүй байсан. Тиймээс өнгөрсөн хавар Өвөрмонгол ороод Хөх хотод очиж аялагч н.Баатар гэдэг найзтайгаа уулзсан. Тэр маань мундаг аялагч, өөрөө дотор нь унтаад явчихдаг машинтай хүн байдаг. Тэр найзынхаа машинтай бид хоёр нөгөө гүйсэн гэх морь маань хаагуур гүйсэн байж болох уу, яаж явсан байх вэ гэдгийг олж, баримт олохоор хэдэн өдөр аялсан. Тэгсэн бид хоёр хүртэл толгой эргэмээр гайхамшиг. Яаж ирсэн юм гэдгийг ойлгох маш хэцүү байсан. Тэгж явсаар ерөнхийдөө ингэж л гүйсэн байж магадгүй гээд монгол морь тэр нутгаар гүйлгэж зураг авъя гэсэн чинь хятад зөвшөөрөл өгөөгүй. Тэдэнд зөвшөөрөхгүй байх үндэслэл байгаа юм байна л даа. Яагаад гэвэл үндэсний соёлын талын зүйлс дээр нэлээд хатуу байр суурьтай байдаг тул болохгүй. Хүмүүсийн сэтгэлзүйг өөр болгочихно гэхчлэн асуудлууд байх шиг байгаа юм. Тиймээс энэ асуудал дээр манай улсын Гадаад харилцааны яам болон Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хятадад хүсэлт гаргасан. Тэд монгол хүмүүс ахуйдаа ойрхон. Дээрээс нь бидний хийж буй ажлыг дэмжээд Монголын үнэт соёлын эрхэмлэн дээдэлж яваа хүмүүсийн хувьд дэмжлэг үзүүлж сая ямар ч байсан адуу гүйсэн гэх нутагт дахин адуу гүйлгэж дүрс авч болох зөвшөөрөл авсан.
Тэгэхээр үүгээр бид юуг харуулах гээд ингэж яваад байна гэхээр монгол адуу ийм аймшигтай замыг туулаад нутагтаа ирсэн юм байна гэдгийг хүмүүсийн нүдэнд харуулах гээд байгаа юм. Тэгэхгүй бол ойлгохгүй шүү дээ. Жишээлбэл, вьетнамаас гараад ар талд нь дүүрэн бар байдаг маш өтгөн ой, шугуу байна. Тэрийг би тайлбарлаж ярьж чадахгүй. Тэгээд наад талд нь байдаг талыг өнгөрөөд маш өргөн урсаж байгаа хөх мөрөн байна тэрийг би хүний нүдэнд харагдтал ярьж чадахгүй. Мөн тэндээс нааш хэдэн зуун гол, горхи байна. Түүнээс нааш хатан гол гээд 500 метр өргөн гайхамшигтай сайхан гол байна. Тэрийг би хүн ойлгож, нүдэнд нь харагдтал ярьж чадахгүй шүү дээ. Заавал хүн нүдээр харж байж үнэмшиж, гайхширан шүү дээ. Энийг л харуулах гэж дахин адуу гүйлгэх гээд байгаа юм. Монгол морь ийм л замыг туулж нутагтаа иржээ гэдгийг харуулахын тулд, нөгөө гайхамшигт монгол адуу киноныхоо үргэлжлэл болгохын тулд ийм зураг авалт хийхээс өөр араггүй болсон. Тиймээс л энийг хийх гэж зүтгэж байгаа юм. Ажлыг маань ч хүмүүс сайхан дэмжиж байна. Монгол адуу гэхээр хүн бүхэн л ямар нэгэн байдлаар дэмжих гээд байдаг. Энэ ажлын гол туслагч нь МУАҮГА н.Төмөрхүрээ гэдэг ах байгаа. Тэдний үр хүүхдүүд “Платинум Ланд” гэж компани бий. Энэ хүмүүс бүр судалгаа эхлэхээс л монголын энэ соёл заавал хойч залуу үед өвлөгдөн үлдэх ёстой гэдэг дээр санал нийлж, тусалж эхэлсэн. Одоо ч байгаа.
-Монголоос Вьетнамд морь бэлэглэж, буцаж Хүрэн азарга гүйсэн нь одоогоос хэдэн жилийн өмнөх үйл явдал вэ. Мөн явсан замын чиг гаргана гэдэг нь нутгийн багцаа авсан гэсэн үг шүү дээ. Тухайн үед хятадаар дамжин гүйж явахыг нь харсан хүн байдаг уу?
-Би 20 жилийн өмнө Хөх хотод очсон юм. Би тэр үед нэг жижигхэн календарь хэвлэдэг байсан болохоор тэрийгээ хэвлүүлэх гээд очлоо. Тэгсэн тэр үед би бас нэг монголын морины соёлд ойр зуурын ажил хийчихсэн хүмүүс таньдаг байсан үе “Морины Ю.Үнэнбүрэн” гээд нэлээд залуухан юм хийхийн төлөө зүтгэж явсан үе л дээ. Хөх хотынхон эх орныхоо төлөө үзэлтэй, сэтгэлтэй, юм хийдэг хүнд нэлээд дуртай юм байна лээ. Тэгээд намайг Хөх хотод маш олон эрдэмтэн доктор, үндэсний үзэлтэй хүмүүс хүлээж авсан. Орой болгон шахуу л ганц нэг юм ширээндээ тавьчхаад монголын үүх түүх, адууны талаар ярьдаг байлаа.
Тэр үед Өвөрмонголын одоогоор бол Морин спортын хорооны дарга нь Авга хошууны нэг ах байсан. Би тэр хүнтэй танилцаж, тэр хүн надад нэг сонин зүйл ярьж байлаа. Тэр нь “Одоогийн Баяннуур сум дайраад Авга хошууны нутгаар нэг адуу хойшоо гүйж байсан” гэсэн. Одоо бодоход вьетнамаас монгол адуу нутаг руугаа гүйсэн он нь таарч байгаа юм. Гүйж явсан тухайн адууг өвөг дээдэс нь барьж аваад гурав, дөрөв хоног байлгаж байгаад алдчихсан. Алдсаныхаа дараа "энэ одоо ямар сонин юм. Хаашаа ганц адуу гүйгээд байгаа юм гэж гайхсан байдаг. Учир нь адуу гүйдэггүй газар байсан юм байна лээ. Тэгсэн тэр адуу монголын хил явчихсан" гэж ярьж байсан.
Тэрийг энэ хавар баталгаажуулахаар нөгөө өвгөнөө хайгаад Хөх хотод очсон чинь бурхны жамаар яваад өгчхөж, тэгээд үр хүүхдүүдээс нь асуусан мэдэхгүй байсан. Тийм нэг том бүтээлчтэй таарсан юм байна лээ уг нь гэвч тэрийгээ баримтжуулж бичиж чадаагүй нь миний буруу болсон. Ямартай ч тэр нутгаар яваад настай хүмүүст нь тэр адууны талаар дуулсан хүн байвал мэдэгдээрэй гэж захиад ирсэн. Одоо удахгүй очиж үзнэ. Хүрэн азарганы хувьд адуу 1962 оны аравдугаар сард буюу одоогоос 62 жилийн өмнө вьетнам руу ачигдаж, 1964 оны зун шахуу гүйж ирсэн. Жил арай хүрэхгүй хугацаанд яваад ирсэн байгаа юм. Ерөөсөө л вагоноос буунгуутаа дэл сүүлээ хийсгээд адуу сүрийг үзүүлж байгаад хашаан дээгүүр даваад нэг халзан морьтой зугтаачихсан гэсэн. Тэгээд л тэнд байсан цэргүүд адуунд мордоод халзан морийг нь барьж аваад, хүрэн азаргыг нь алдчихсан байгаа юм.
-Хүрэн азарга шиг вьетнамаас монгол гүйсэн өөр адуу байдаг болов уу?
-Байлгүй яах вэ. Ер нь бол их сонин түүх. Судлаад хараад байх тусам олон зүйл гарч ирж байна лээ. Хүрэн азарганаас гадна өөр их олон адуу гүйж ирсэн юм байна лээ. Баянхонгор аймгийн говиор адуу ирсэн юм байна. Дундговь аймагт адуу ирж байсан юм байна. Төв аймгийн урд сумуудаар адуу ирсэн байсан. Гол нь энэ үйл явдлыг яагаад олон түмэн мэдэлгүй үлгэр домог шиг замхраад алга болсон вэ гэхээр социалист ах дүүгийн найрамдал орондоо сэтгэлийн бэлэг гээд өгч байгаа адуу нь буцаад гүйгээд ирэхээр үзэл суртал таарахгүй гэсэн үг. Тиймээс л хүрэн азарганы тухай түүхийг хүртэл дарга цэрэг нь шаардлага тавиад илүү дутуу юм ярьж болохгүй гээд хаагаад хаячихсан. Тэгээд л хаалттай болсон сэдэв юм байна лээ. Өнгөрсөн хугацаанд ганц нэг мэддэг хүмүүсийн ярьсан нь үлгэр домог шиг зүйл болж ард түмэнд хүрч зарим нэг нь энэ бол гарцаагүй үнэн гээд л, зарим нь энэ худлаа үлгэр, домог гээд явчихсан юм байна л даа.
-Вьетнамаас Монгол руу гүйсэн адуунууд ойролцоогоор хэдэн км зам туулсан гэж таамаглаж байгаа вэ?
-Вьетнамаас гүйсэн монгол адуу тус улс руу ороод 200 км-т байдаг газраас буцсан гэж бид таамаглаж байгаа. Ингэж бодвол адууны гүйсэн гэх газар нь 3500-3700 км байна. Эсрэгээр нь энэ урт замыг монгол адуу туулж чадах уу гэвэл асуудалгүй. Яагаад гэвэл тэр Өвөрхангай аймгаас Дорнод орсон хоёр морь 1232 км явсан. 1232 км газрыг гурваар үржихэд 1-2 сарын дотор гүйж яваа морь 3500-3700 км замыг туулах нь байна шүү дээ. Харин харь орноос гүйхэд тэр их саадыг давсан учраас л хүрэн азарга 8-9 сар гүйж, жил дөхүүлж ирсэн юм байна гэж бид харж байгаа.
-“Хүрэн азарга” Монголд гүйж ирсний дараа юу болсон талаар эзэн нь юу хэлэв. Хэзээ, хаана яс аа тавьсан талаар ярьж болох уу?
-Эзнийх нь ярьж байгаагаар хүрэн азаргаа ирсэн хойно гадагш нь яриагүй. Нөгөөх нь буцаад сайхан азарга болоод гүү хурааж, үр төлөө өгч байгаад ясаа тавьсан юм байна лээ. Төв аймгийн Мөнгөнморьт сумын Баясгалант гэж сайхан хайрхан байгаа. Тэр хайрхны өвөрт нутаглаж байгаад л тэндээ өөд болсон. Янзын сайхан азарга байсан. Жам ёсоороо явсан л гэж Лхам гуй ярьж байсан.
-Дээрх гүйгүүл морьдын талаар Вьетнам талаас ярих хүн байгаа юу?
-Вьетнамаас бол одоо энэ түүхийг ярих хүн гарч ирэхгүй байна. Вьетнамын архив, түүхийг судлахад албан ёсны хүсэлтүүд илгээж байгаа. Гэхдээ монголчуудын үлдээсэн нэг мэдээлэл байдаг. Вьетнамын Элчин сайд манай нэг зохиолч хоёр уулзах цаг зав таараад морь яриад явж байж л дээ.
Вьетнамын Элчин сайд “Танай монгол адууг манайхан “оргодол адуу” гэж нэрлэдэг. Яагаад оргодол гэхээр танайхны бэлэгт өгсөн адуу ихэнх нь оргочихсон” гэсэн байдаг. Тэгэхээр оргосон адуу олон байх гээд байгаа юм. Чухам хэдэн адуу гүйж, хэд нь ирсэн юм бол доо зайлуул.
Тэгсэн нөгөө зохиолч маань “Тэр морьдын зарим нь нутагтаа ирсэн. Монгол адуу гэдэг тийм тийм учиртай” гэж тайлбарласан байдаг. Хариуд нь Вьетнамын Элчин сайд “Би вагоноор ирэх гэж маш их ядардаг. Тэгэхэд монгол адуу тэр олон гол, горхи, нуур, цөөрөм, уулыг давж, аюулыг сөрж яаж ирж чадаж байна аа. Энэ чинь гайхамшиг юм байна шүү. Энэ цагаас хойш ямар ч найрамдалтай улс оронд ямар ч нөхцөлөөр адуугаа битгий өгч байгаарай” гэж хэлсэн байдаг юм байна лээ.
-Хүрэн азарганы тухай баримтат киноны ажил нь одоо хэдэн хувьтай явж байна?
-Вьетнамаас гүйсэн монгол морины тухай баримтат киноны ажил одоо 70 хувьтай явж байгаа. Судалгааны ажил бас ерөнхийдөө дөхсөн. Одоо урагшаа явж хэдэн зураг авч холбоод болохоор байгаа. Баримт зургууд бүрдэж байгаа болохоор нэг сайн суугаад ерөнхийдөө болно. Ямар ч байсан монголчууддаа, хойч үедээ ямар ч үед миний монгол адууг чи голж байна уу. Монгол адуу гэдэг чинь ийм гайхамшиг гэж бахархалтайгаар хэлж, ярьж чаддаг тийм сайхан бүтээл болгох гэж л хичээж байгаа.
-Монгол адуу нутаг гүйдэг тухай яриаг дарж байсан талаар ярьсан шүү дээ. Адууг монголчууд эрт дээр үеэс шүтдэг байсан гэдэг. Тэгэхээр энэ талын адуун соёл бас тухайн үед алдагдсан гэсэн үг үү?
-Бас нэг айхтар зүйл яривал Монголчууд, Өвөрмонголчууд хоёрын хоорондын адууны ёс заншилд хэрэглэж байгаа нэг айхтар зүйл байгаад байна. Юу гэвэл өвөрмонголчууд адууны мах иддэггүй. Би бас иддэггүй л дээ. Гэхдээ ер нь манай уяачид болон адуу дээдэлдэг гэж ярьж байгаа бүх хүн адууны мах иддэг. Гэтэл өвөрмонголчууд ерөөсөө идэхгүй. Тэгэхээр эрт дээр үеэс уламжлалаараа адууг дээдлээд энэ тэнгэрлэг амьтны махыг нь идэж болохгүй гэдэг дүрэм үйлчилдэг байсан байгаа юм. Өвөрмонголчууд энэ соёлыг аваад үлдчихсэн. Гэхдээ адуугаа бол зардаг. Хятадуудад идэхгүй мах гэж байхгүй учир адууг нь худалдан авч, махыг нь иддэг. Манай монголчууд бас уг нь адууны мах иддэггүй байсан. Намайг бага байхад ихэнх айл адууны мах иддэггүй байлаа. 1960-аад оны сүүлч, 1970-аад оны үед манайд оросууд орж ирээд л европын орос соёл монголд жигд тогтлоо шүү дээ. Тэр үед л манайхан адууны мах аа иддэг болсон. Тэр үед бүхэл үндэсний агуулгатай соёлууд устаж байсан үе. Юм болгоныг болохгүй гэдэг байж адуу идэхийг болно оо гээд л тавьж өгч байсан байгаа юм. Өвөрмонголчуудыг харахаар манайхан хамгийн их адуугаа дээдлэх ёстой хүмүүс нь байж, махыг нь идээд байж болохгүй л юм байна даа гэж бодогддог. Мөн адуу гэдэг амьтны талаар маш олон онцлох эшлэл байдаг. Жишээлбэл, Чингис хааны өөрийнх нь зарлигт “Харь орноос буцах бол адуугаа л ав. Хүнээ үлдээ” гэсэн байдаг. Тэгэхээр хүнийг бол ухаантай учир ямар нэг байдлаар яваад ирнэ гэж харсан байгаа юм. Харин адуу бол бидний амьдрал, Монгол Улсын оршин тогтнох хамгийн гол тулгуур гэдэг утга энд явна. Бас адууны тангараг гэж бий.
Монгол адууны тангарагт “Мөсөн дээр уядаггүй л юм бол мөнгөн уруулаараа хооллоно” гэсэн байдаг. Тэгэхээр адуу өлсөж үхнэ гэж байдаггүй байх нь.
Энэ дээр жишээ болгоод монгол адууны дээр үеийн гайхамшгийг ярих юм бол дайн тулаан боллоо. Гаднынхан том морьтойгоо тулаанд оролцоно. Ингэхдээ хивэг тэжээлийг нь үүрч яваад байнга хооллоно. Харин монгол адуу гурван өдөр давхиад л уулын өвөрт буудаллаж 30-40 минутад хооллоод дахиад 20-30 км давхина. Харин гаднын адууг тэжээж л явахгүй бол үхээд өгнө. Одоо үед ч ялаагүй энэ жилийн зуднаар айлууд эрлийз адуугаа бол барсан л гэж байна лээ. Баралгүй яах вэ дээ. Угаасаа энэ нутагт байх ёсгүй юмыг бид нутагшуулах гээд байн шүү дээ. Энэ мэт монгол адууны гайхамшиг маш их байдаг. Өвөг дээдэс маань адуу гэдэг амьтныг бурханчлан шүтэж, дээдэлдэг байсан ухаан зүгээр нэг ургаж гараагүй. Олон зуун жил монголчууд амьдрахдаа адууг адуу гэж харалгүй тэнгэрийн амьтан гэж харж, айл болгоны хойморт байдаг зурсан бурхан шиг л хайрладаг байсан байх нь. Тийм учраас монгол хүн, монгол адуу хоёрыг салгаж ярих, салгаж ойлгох ямар ч боломжгүй. Тэгэхээр манай хойч залуу үе адуу гэдэг амьтныг ингэж ойлгох хэрэгтэй.
Зөвхөн манай төсөл л хийгээд байгаа болохоос биш гүйдэг адуу бараг айл болгонд л байгаа. Бид үүнийг нь баримтжуулж монгол түмнийхээ сэтгэлийг баясгах гэж хичээж байгаа юм.
Сая бас Хөвсгөл, Архангайгаар яваад ирэхэд малчид энэ жил мал нь их үхсэн болохоор уулзахаараа л үхсэн малаа ярьдаг болчихсон байж. Гэтэл гүйгүүл морины нэвтрүүлэг үзээд ёстой нэг ярих сайхан юмтай болсон. Хийморь сэргэсэн гэж малчид ярьж байна лээ.
-Та бүхний нэвтрүүлэг, баримтат киноны дараа бас нэг хүмүүст нөлөөлж буй зүйл нь нутаг сэлгэж адуу худалдаж авах аа больж байгаа гэж сонссон.
-Тийм зүйл болж байгаа шүү. Холоос авч адуу тамлаад яах юм. Солихоор бол ойрхноос авъя гэж ярьдаг болсон.
-Та гүйгүүл морины талаар хоёр томоохон төсөлд ажиллаж, олны хүртээл болголоо. Тэгэхээр таны яриандаа дурдаад байдаг тэр адууны ертөнц гэдэг зүйлийг шинжлэх ухаан талаас нь тайлбарлах боломжтой юу. Мөн камерт бичигдэж, зурагт буугаагүй ч нэвтрүүлгийн явцад гүйгүүл морьдоос ажиглагдсан тайлбарлах араггүй сонирхолтой зүйлс гарсан уу?
-Гайхмаар. Гүйж яваа морийг дагаж явахад хоёр нүдэнд нулимс мэлтэлзтэл сонин сонин юм болно. Тэр болгоныг камерт буулгаж чадахгүй. Хүүе энийг аваарай гэж байтал тэр агшин болоод өнгөрчихдөг байсан. Бидэнд 24 цаг камер бариад дагах боломж хомс. Тэгэхээр камераас бусад үед гарсан гайхалтай сонин үйлдлүүд их байдаг. Би хоёр удаа сар сарын ажил болгоод нэлээд төлөвлөгөөтэй явсан. Энэ бүхнээс дүгнээд анзаарахад хэлж мэдэхгүй нэг зүйл тэр адуунуудад туслаад байгаа юм.
Тэрийг шинжлэх ухаанаар яаж батлахыг бас мэдэхгүй. Юм мэддэг хүмүүстэй ярилцахад квантын онол гэх зүйлийг хэлж байсан. Тэрийг жаахан дэлгэрүүлж яривал адууны янцгаах нь хүртэл учиртай гээд байгаа юм. Анзаарч харвал адуу янцгаахад буруу хараад алхаж яваа хүн байдаггүй. Тэр бүү хэл нэлээд зайд ногоо идэж байгаа хонь хүртэл сэрт хийнэ хардаг. Тэгэхээр морь тэр янцгаах дуугаараа тэнгэртэй харьцдаг гэж үздэг юм байна лээ. Энэ талаар жаахан судлаад үзэхэд Хүннү гүрний Модунь шаньюй хаан морины согсоог дээш нь боолгодог болсон юм байна. Яагаад гэвэл ганц эвэрт гээд одоо гаднынхан дүрийн бүтээж хүүхдүүд үзээд байгаа хүүхэлдэйн кинонд байдаг амьтныг 2300-2400 жилийн өмнө монголчууд мэддэг болсон байгаа юм. Согсоог нь боодог учир нь тэнгэрт байгаа тэр ганц эвэрт адуунд монгол нутаг амар амгалан байна гэдгийг адуу янцгаах дуугаараа холбогдож мэдэгддэг байсан гэх түүхтэй юм байна лээ. Энийг шинжлэх ухаанаар баталж чаддаггүй. Гэвч морь огт явж үзээгүй замаараа эгц шулуун гүйж нутагтаа хүрдгийг би хоёр нүдээрээ харлаа шүү дээ.
Өвөрхангайгаас гүйсэн хоёр морь гэхэд зарагдахдаа зүгээр засмалаар ачигдаж очсон. Гэтэл тэр засмал замаасаа 200-250 км урдуур яг нутгийн чиг гүйж байгаа юм. Харин Хүдэрийн адуу Өвөрхангайгаас засмал замаар ачигдаж, 22-ын товчоогоор ороод Дарханы замаар явж очсон байдаг. Гэвч буцаж гүйхдээ ахиад 200 км-ын цаагуур гүйж байгаа юм.
Энийг би бол тайлбарлаж чадахгүй. Ямартай ч адуу миний нутаг хаана байгаа вэ гэдгээ мэдэж, яг чиг гүйдэг нь үнэн.
-Та бүхний хийж буй морины нэвтрүүлэг ганц адууг таниулах гэхээс илүү монгол үндэстнийг нэг сэтгэлээр нэгтгэж байна уу даа гэж харагдах болсон. Энийг та юу гэж харж байна?
-Гүйгүүл морины тухай хоёр киноны цаад агуулгыг мундаг хүмүүс бараг ойлгочихсон байна лээ. Ерөөсөө л нэвтрүүлгийн цаад агуулга нь “эх орон” юм. Адуунд эх нутгаа гэж гүйдэг ухаан байхад яагаад хүнд эх орноо хайрлах сэтгэл байдаггүй юм. Адуу төрсөн нутгийнхаа төлөө тэгж тэмцэж гавьяа байгуулж байхад яагаад хүн төрсөн нутаг эх орноо хайрлаж болдоггүй гэдэг санааг харуулахыг зорьдог.
Саяхан би нэг сэтгүүл уншихад гадаадад байгаа нийт монголчуудын 90 хувь нь нутаг буцах сонирхол байхгүй гэж бичсэн байсан. Тэгсэн сая адуу гүйлгэсэн нэвтрүүлгийн сэтгэгдлүүдийг харахад гадаадад суугаа монголчууд “адуу ингэж эх нутаг руугаа зорин гүйж байхад, бид ч мангар юм даа. Эх нутагтаа очъё доо” гэх утгатай коммент их байсан. Үүгээр нэвтрүүлгийн маань цаад учир эх орон, эх нутаг гэдгийг харуулж байгаа юм. Энэ утгыг зохиолч Ш.Гүрбазар гуай бас их гоё хэлсэн байдаг. “Адуун хүртэл гүйдэг эх оронтой байх сайхан юм даа” гэж. Бидэн шиг тэнгэр үзэлтэй хүмүүсийн хувьд адууны сүнс, хүний сүнс хоёр тэнгэрт хамтдаа очдог гэх нь ч бий. Үүнийг батлах археологийн олдворууд ч байдаг. Тэрийг судлаад үзэхээр эрт дээр үеэс монголчуудын булшинд өөрийнх нь хайртай морийг хамтад нь оршуулсан байдаг. Үүнийг цаашид залуус маань шинжлэх ухаан талаас нь судлаад сайхан авч явах байх.
Бид ямартай ч адууны ертөнц гэж ийм ертөнц байдаг шүү гэдэг судлагдахууныг л бий болгож байна. Одоо энэ олон сайхан эрдэмтэн залуус энэ судлагдахууны араас судлаад, шинжлэх ухааны үүднээс энэ зүйл нь ийм юм байдаг шүү гэдгийг батлах цаг удахгүй байх гэж бодож байна. Тэр цагт монгол адууны гайхамшгийг дэлхий харах байх.
Төгсгөлд нь ганц зүйл хэлэхэд машины мэргэжилтнүүд дээр үед дэлхийд хоёр төрлийн машин байдаг. Бенз болон бусад машин. Түүнтэй адил дэлхийд хоёр төрлийн адуу бий. Монгол адуу болон бусад адуу. Англи хэдий хурдан ч бусдадаа ордог гэж хэлдэг байж. Мөн дэлхий даяарх бусад адууны үүсэл нь монгол адуу гэдгийг дэлхийн эрдэмтэд ч баталсан байдаг. Олон зуун жил гений өөрчлөлтөд ороогүй адуу монгол адуунаас өөр байхгүй. Тиймээс л монгол адуунд л морь гэдэг амьтны тэр гайхалтай шинж чанар хадгалагдана үлдсэн байдаг. Ер нь монголчуудын нэгдэж чадах хамгийн ойр зүйл гэвэл адуу л байна даа.