Аялал, зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд гол, нуур, цөөрмийн усанд эндэх тохиолдол эрс нэмэгдээд байна. Тодруулбал, наадмын амралт буюу тав хоногийн дотор л гэхэд нийт 24 иргэн голын усанд живж амь насаа алдсан харамсалтай мэдээг ОБЕГ-аас мэдээлж буй.
Мөн эцэг эхчүүдийн хараа хяналтгүй байдлаас болж бага насны хүүхдүүд эндэх тохиолдол эрс нэмэгджээ. Иймд бид иргэдэд сэрэмжлүүлэх үүднээс ЦЕГ болон Онцгой байдлын албаны завьт эргүүлүүдтэй хамтран энэ удаагийнхаа сурвалжилгыг бэлтгэн хүргэж байна.
ВИДЕО:
Онцгой байдлын албаны завьт эргүүлүүд нь өдрийн ээлж гарган тогтмол эргүүл хийж байгаа бгөөөд зургаадугаар сарын 10-ны өдрөөс эхлэн есдүгээр сарын 15-ны өдрийг хүртэ тогтмол эргүүл хийх юм.
Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх аврах бүлгийн дарга, дэслэгч Н.Мөнх-Од, “Иргэдийн өөрсдийнх нь хайхрамжгүй, анхаарал болгоомжгүй байдлаас үүдэж, мөн архидан согтуурсан үедээ голын усанд орсноос болж усанд эндэх тохиолдол гардаг. Мөн бага насны хүүхдүүдтэйгээ цуг голын ойролцоо амарч байхдаа эцэг эхийн хараа хяналтгүй байдлаас болж хүүхэд нь голын усанд эндэх харамсалтай хэрэг гарч байна.
Түүнчлэн хэд хоногийн өмнө гурван жуулчин морь унаж гармаар гарах гэж байхдаа морьтойгоо голд урсаж, нэг нь амь насаа тохиолдол гарсан. Аялал зугаалгаар явахдаа иргэд гол нь өөрсдөө ямарваа нэгэн эрсдлийг тооцоолж, хүүхдүүддээ аврах хантааз ч юм уу авч өгөх шаардлагатай. Аврах хантааз 50-70 мянган төгрөгийн хооронд худалдаалагддаг. Хүүхдүүдээ хантаазтай усанд оруулснаар тэднийг усанд осолдох эрсдлээс хамгаалах юм. Мөн хийлдэг завь, гудас нь чанарын шаардлага хангаагүй, усанд тавихад аюултай байдаг учраас аль болох хэрэглэхгүй байх хэрэгтэй.
Зун халуунд халаа мөн архи согтууруулах ундаа уусан үедээ голд сэрүүцэх гэж орох тохиолдол их байдаг. Тэр үед халуун хүйтэн харшиж, биеийн байдал эвгүйрхэх, шөрмөс татах, дотор муухайрах зэрэг шинж тэмдгүүд илэрч болзошгүй.
Мөн голын гүехэн хэсгийг харж ороод хөл алдаж живэх тохиолдол ч их байдаг. Түүнчлэн хүний цээж хэсгээр ус татахад бие организс бачимдаж эхэлдэг. Улмаар хөл нь газар хүрэхээ болиход өөрсдөө сандарч живэх эрсдлийг нэмэгдүүдэг. Энэ үед гол нь биеэ сул тавиад сандрахгүй байх хэрэгтэй.
Эргүүл хийгээд явж байхдаа иргэдэд анхааруулж, гүнзгий гэдгийг сануулж өнгөрөөд, таван минут өнгөрөв үү үгүй юу ардаас дуудлага ирж байгаа юм. Бид яваад очиход яг түрүүний сануулга өгсөн хүмүүс байдаг. Иргэд ер нь сануулсаар байхад хайхрамжгүй, хэнэггүй байдлаасаа болж энэ мэт харамсалтай үйл явдал болдог. Иймд завьт эргүүлүүд бид байнга эргэж, сануулж байх шаардлагатай болдог" гэлээ.
Мөн бид ЦЕГ-аас усны ослын тухай дуудлага мэдээллийн талаар тодруулсан юм. ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, дэслэгч Л.Мөнх-Оргил, “Цагдаагийн байгууллага болон Онцгой байдлын байгууллагад 2024 он гарсаар нийслэлийн 8 дүүрэг, 16 аймгийн 34 суманд нийт 79 усны ослын дуудлага мэдээлэл бүртгэгдснээс 65 иргэн амь насаа алдсан харамсалтай тоон мэдээлэл бүртгэгдсэн. Үүнээс 17 нь бага насны хүүхэд амь насаа алдсан гэсэн харамсалтай тоон мэдээлэл бий.
Харин наадмын амралтын үеэр буюу долдугаар сарын 10-15-ны хооронд усны 19 дуудлага бүртгэгдсэнээс 24 хүний амь нас хохирсон.
Усны осолд өртөж амь насаа алдсан тохиолдлын шалтгаан нөхцөлийг судлахад усанд сэлэх гэж орох, тээврийн хэрэгсэл болон ердийн хөсөг морьтой гол гатлах, хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ усанд орсноос живж амь насаа эрсдүүлсэн байна.
Усны ослоос урьдчилан сэргийлэхийн тулд,
- Цаг агаарын мэдээ, мэдээллийг тогтмол авах
- Өөрийн мэдэхгүй нуур, гол, тогтоол ус зэрэг рүү орохгүй байх
- Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол руу орохгүй байх
- Малчид ард иргэд болон аялж яваа иргэд голын эрэг, хөвөөгөөр суурьшихгүй байх
- Тээврийн хэрэгсэл болон ердийн хөсгөөр баталгаагүй гүүр, гол, гармаар гол гатлахгүй байх
- Бага насны хүүхдээ минут, секунд тутам ажиглаж, харах шаардлагатай байна” гэлээ.
Иймд иргэд та бүхэн аялал зугаалгаар явахдаа гол, нуур, цөөрөмтэй хэт ойр буудаллахгүй байх, архидан согтуурсан үедээ голын усанд орохгүй байх, хамгийн гол нь бага насны хүүхдүүд болон бусдын асаргаа шаардлагатай хүмүүст онцгой анхаарал хандуулж, голын усанд живэхээс урьдчилан сэргийлж өөрсдийгөө болон хайртай дотны хүмүүсээ хамгаалаарай.