Усанд осолдсон хоёр иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгааг ОБЕГ-аас мэдээллээ. Долоодугаар сарын 14-нд Сэлэнгэ аймгийн Шаамар, Төв аймгийн Лүн суманд хоёр иргэн усанд живсэн тухай дуудлагыг ОБЕГ-т ирүүлжээ.
Сэлэнгэ аймаг, Шаамар сум. Дулаанхан багийн “Ерөө голын гүүр” гэдэг газар гэр бүлийн хамт амарч байсан иргэн Ё нь “Ерөө” голын усанд сэлэхээр ороод живсэн тухай дуудлагыг 07.14-ний өдрийн 12:23 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагч, Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчид, Цагдаагийн газрын алба хаагчидтай хамтран иргэн Ё /30 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг 07.16-ны өдөр осолдсон газраас Орхон, Ерөө голын бэлчир хүртэл 37 км-т 2 завьтай урсаж, голын булан тохой, бут бургас, хаялага зэргээр самналт хийж 20:50 цагт түр зогсоосон. 07.17-ны өдрийн 05:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.
Төв аймаг, Лүн сум. Өгөөмөр багийн “Хуучин модон гүүр” гэдэг газар гэр бүлийн хамт амарч байсан иргэн Б нь “Туул” голын усанд сэлж байгаад живсэн гэсэн дуудлагыг 07.14-ний өдрийн 15:03 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, иргэн Б /21 настай, эрэгтэй/-ийг 07.15-ний өдрийн 07:00 цагаас мөн өдрийн 22:00 цаг хүртэл "Хуучин модон гүүр" гэдэг газраас хойд зүгт "Жоогон" уул гэдэг газар хүртэл 7.5 км зайд 3 удаа, "Жоогон" уул гэдэг газраас хойд зүгт "Булган" уул гэдэг газар хүртэл 15.5 км-т, нийт 38 км-т "Туул" голын усаар завиар урсаж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул түр зогсоосон. 07.16-ны өдрийн 07:00 цагт дахин эхлүүлж, анх осолдсон газраас "Булган" уул гэдэг газар хүртэл 22.7 км завиар 2 удаа, голын салаа урсгалаар явган эрлийн ажлыг явуулсан. Мөн анх осолдсон газар "Якорь" ашиглан хайгуулын ажлыг зохион байгуулсан ба "Жоогон" уул гэдэг газар хүртэл 7.5 км завиар 4 удаа эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 22:00 цагт түр зогсоосон. 2024.07.17-ны өдрийн 07:00 цагт дахин эхлүүлсэн.