Жил бүрийн долдугаар сарын арван нэгнээс арван гуравны өдрүүдэд бид улс даяараа "Үндэсний их баяр наадам"-ыг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Монголчууд эрт дээр цагаас томоохон байлдаан тулааны өмнө болон дараагаар дайчдынхаа дунд бөхийн барилдаан, хурдан морьдын уралдаан, сурын харваа зохион явуулдаг байсныг хожим "Эрийн гурван наадам" хэмээн нэрийдэх болж өдгөө “наадам” хэмээн тэмдэглэдэг болсон түүхтэй.
Наадам бол зөвхөн уламжлалт спортын төрлүүдээр өөр хоорондоо уралдаан тэмцээн зохиох төдийгүй орчин цагт нүүдэлчин соёл иргэншлийн өв соёлоо залуу үедээ уламжлуулах, үндэсний ижилсэл бүтээх, тусгаар тогтнолоо баталгаажуулах гээд бидний үүх түүхээрээ бахдах учиртай өдрүүд билээ. Тиймээс бид маргааш /2024.07.11/ эхлэх Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын тухай мэдээллийг уншигч та бүхэнд хүргэхийг зорилоо.
-ЭРХИЙ МЭРГЭНЭЭ СОРИХ СУР ХАРВААНЫ ТЭМЦЭЭН-
Үндэсний их баяр наадам өчигдөр /2024.07.10/ 11:30 цагт Халх сурын харваа эхэлсэн. Үндэсний сурын харваа нь ойролцоогоор 2000 жилийн түүхтэй бөгөөд өөрийн гэсэн өвөрмөц дэг жаягтай. Тухайлбал, “Харвааны үе” хэмээх наадамд мэргэ, шил, ноён, баатар, далд, шувтарга гэсэн үеүд байх агаад үе тус бүрд дөрвөн харваач зэрэг дэв, цолын эрэмбээрээ оролцдог. Нум сум бол монголчуудын олон зууны турш хэрэглэж ирсэн байлдааны зэвсгийн гол төрөл. Монголчууд эртнээс нааш ширэн бөмбөгийг шон модонд цувруулан өлгөөд морины хар эрчээр давхиут дунд нэг бүрийг онох, хэц модонд хонины арьс хэд давхарлан тэлж босгоод давхих зуураа дөрвөөс зургаан сумаар амжиж харвах зэрэг тэмцээн явуулдаг байжээ.
Мөн 1998 оноос баяр наадмын хөтөлбөрт монголчуудын эртний уламжлалт наадгайн нэг болох шагайн харвааны тэмцээнийг оруулсан билээ. Шагайн харваа нь тусгай тавиур дээр эгнүүлэн өрсөн бай буюу хасаа (30ш шагай)-г есөн тохой буюу 4.72 м зайнаас жижиг ясан сумаар няслан онох өвөрмөц харвааны тэмцээн юм. Харваачдын баг долоон гишүүнтэй байх бөгөөд зургаа нь харвана. Эсрэг багтай 80 минут орчим тоглодог бөгөөд багууд тойргоор өрсөлдөхөд өдөрт хамгийн ихдээ 10 цагийн турш сууж тоглох шаардлагатай болдог.
-ЭРМЭГ ХҮЛГИЙН ШАНДСЫГ ШАЛГАХ ХУРДАН МОРИНЫ УРАЛДААН-
Харин уламжлал ёсоор өнөөдөр /2024.07.010/ өглөөний 07:00 цагт Хүй долоон худагт Хязаалан насны морьдын уралдаанаар эхэлж, 08:00 цагаас Үндэсний шагайн харвааны насанд хүрэгчдийн багийн харваа, хэсгийн тоглолтоор үргэлжилнэ. Харин үүний дараа 12:00 цагаас Шүдлэн насны морьд уралдана. Үндэсний их баяр наадмын үеэр хурдан морьд зургаан насны ангиллаар уралдах бөгөөд унаачид нь долоогоос 12 насны хүүхдүүд байдаг. Уралдааны морийг эрт дээр үеэс зайдан унадаг байсан ч сүүлийн жилүүдэд унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүднээс хурдан морьдыг хөнгөн эмээлтэй, хамгаалах дуулга, өвдөгний болон тохойны хамгаалалттай байхаар заасан юм. Баяр наадмын тухай хуульд унаач хүүхэд зайлшгүй гэнэтийн ослын даатгалд даатгуулсан байх ёстой гэх заалт бий. Эл өдөр болох баяр наадмын соёл, урлагийн бусад арга хэмжээний нэгдсэн хөтөлбөрийг ЭНД ДАРЖ харна уу.
-УРАН МЭХЭЭ УРАЛДУУЛАХ ХҮЧИТ БӨХИЙН БАРИЛДААН-
Харин маргааш буюу долдугаар сарын 11-ний өглөөний 07:00 цагт Хүй долоон худагт Азарганы уралдаан болж, Үндэсний шагайн харваан хагас шигшээ тоглолт үргэлжилнэ. Энэхүү өдөр албан ёсоор наадмын нээлтйн үйл ажиллагаа болж, Монгол Улсын Төрийн тугийг Төрийн ордноос Төв цэнгэлдэх хүрээлэн рүү залах ёслол 09:30 цагт болно.
Үүний дараа Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа эхэлнэ. Бөхчүүд наадам эхлэхэд зүүн, баруун жигүүрээс цолныхоо эрэмбээр цувран гарч, өөр өөрсдийн засуулаа тойрон дэлж ёсолно. Барилдаан эхлэхээс өмнөх болон дуусах мөчид дэлэх, дэвэх, өрөх, шавах, тахим өгөх, авах хөдөлгөөн нь нэг талаас бөхийн спортын урлаг, ёс уламжлалыг илтгэх нөгөө талаас бие халаах ач холбогдолтой. Наадмын үеэр бөх бүхэн өөрийн засуулч, зөвлөгчтэйгөөр барилдах бөгөөд тэрхүү хүн нь гурав, тав, долоогийн даваанд бөхөө цоллодог уламжлалтай.
Мөн наадмын хоёр дахь өдөр, үндэсний бөхийн барилдааны завсарлагаар бүх насны ангиллын хамгийн хурдан морьдын буюу "Айргийн тав"-ын цол дуудах ёслол болдог. Түрүүлсэн морьдыг цоллох нь ардын аман зохиолын онцгой төрөл бөгөөд ерөөлч нь хурдан морьдыг нэг бүрчлэн аль нутгийн, хэний уяж, хэний унаж хурдлуулсан, ямар зүсмийн морь зэргийг чанга дуугаар цоллон магтах үйл ажиллагаа болно. Эл өдөр болох баяр наадмын соёл, урлагийн бусад арга хэмжээний нэгдсэн хөтөлбөрийг ЭНД ДАРЖ харна уу.
Мөн энэ жилийн хувьд Төв цэнгэлдэх буюу сур, шагайн харваа орчимд нийт 669 алба хаагч, 59 автомашин, дөрвөн нохой, зургаан морьт эргүүл хамгаалалтад ажиллана. Хүй долоон худаг орчимд хүн хүч 1087, мотоцикл 44, нохой 17, морьтой 24 алба хаагч ажиллах зохицуулалт, хүч хэрэгслийн тооцоог цагдаагийн байгууллагаас хэрэгжүүлэх юм. Харин Үндэсний их баяр наадмын өдрүүдэд Барс-2, Бүрд худалдааны төвөөс бусад зах ажиллаад долдугаар сарын 11-нээс амарна. Харин Нарантуул худалдааны төв хамгийн олон хоног буюу долдугаар сарын 11-20-ныг хүртэл амрахаар хуваарьт тусжээ. Зах, худалдааны төвүүдийн амрах цагийн хуваарийн дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу.
Ийнхүү гурван өдөр үргэлжлэх Үндэсний их баяр наадмын хаалтын үйл ажиллагаа /2024.07.12/-нд болно. Үүний дараа Эрлийз морьдын уралдаан Хүй долоон худагт үргэлжилнэ. Бид дээрх өдрүүдийн үйл явдлуудыг цаг тухай бүрд нь та бүхэнд шууд дамжуулан хүргэнэ.