УИХ-ын 2024 оны сонгуулийн 1 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшиж буй Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярын ухуулагч П.Отгонбаатар нь Өвөрхангай аймгийн Сант сумын АН-ын дарга Б.Баянмөнхийн амь насыг хөнөөсөн хэрэг өнгөрөгч Бямба гараг /2024.06.15/-т гарч, олон хүнийг цочирдуулсан.
Тус хэргийг Өвөрхангай аймгийн Цагдаагийн газраас мөрдөн шалгаж байгаа бөгөөд ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанаас Ажлын хэсэг гарч мөн тус хэрэг дээр ажиллаж байгаа аж. Тэгвэл дээрх хэрэгт холбогдсон П.Отгонбаатарыг яллагдагчаар татаж, 1 сарын хугацаатай цагдан хориод байгаа гэдгийг эх сурвалж мэдээллээ.
Тодруулбал, П.Отгонбаатарыг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйл /Хүнийг алах/-ийн 10.2.14-д заасан, "Үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж алсан" гэх зүйл ангиар яллагдагчаар татсан гэх мэдээлэл байна. Улмаар прокурорын саналаар Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс П.Отгонбаатарыг 1 сарын хугацаатайгаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.
Өвөрхангай аймгийн Сант сумын АН-ын дарга Б.Баянмөнхийн амь насыг хөнөөсөн эл хэрэг нь УИХ-ын сонгуультай холбоотой, улс төрийн аллага байж болзошгүй байгаа учраас хуулийн байгууллагаас уг хэрэгт холбоотой мэдээллийг ихэд нууцалж байгаа аж.
Тэгвэл энэ хэргийн талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, "Золгүй явдлын улмаас иргэн Б амь насаа алдсан эмгэнэлт үйл явдал тохиолдсон" хэмээн мэдэгдсэн. Магадгүй энэ нь Сант сумын АН-ын дарга Б.Баянмөнхийн амь насыг хөнөөсөн хэргийг жирийн л нэгэн "золгүй явдал" байсан хэмээн нийгэмд үлдээх гэж байна уу гэх хардлагыг төрүүлж байгаа юм. Учир нь золгүй явдал гэдэг нь санамсар болгоомжгүйгээс үүдэн гарсан зам тээврийн осол зэргийг хэлдэг байна. Харин АН-аас дээрх хүн амины хэргийг "Улс төрийн аллага" хэмээн тайлбарлаж байгаа юм.
Ямартай ч МАН-аас нэр дэвшигч Г.Сайханбаярын ухуулагч, бусдын амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдсон П.Отгонбаатарыг яллагдагчаар татан, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж. Харин энэхүү хэрэг явдлын талаарх мэдээллийг цагдаа, прокурор, шүүхийн байгууллагууд ихээхэн нууцалж, биднийг энэхүү мэдээллийг бэлтгэж, албаны эх сурвалжуудаас тодруулахад, "мэдэхгүй, энэ хэргийн талаар ямар ч мэдээлэл өгөхгүй" гэсэн хариултуудыг өгч байлаа.