Нийслэлийн удирдлагууд JCI Монгол байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн удирдлагууд JCI Монгол байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Олон улсын JCI байгууллагын Ази Номхон далайн бүсийн чуулган ирэх жил Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод болно. Энэ жилийн чуулган Камбожийн Хаант Улсын Сием Рип хотод болсон бөгөөд энэ арга хэмжээнд нийслэл хотыг төлөөлж Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга, төлөөлөгч Д.Ихбаяр нар оролцоод ирсэн. Тэгвэл өнөөдөр JCI Монгол байгууллагын 2024 оны Ерөнхийлөгч Э.Энхдэлгэр, 2025 JCI Ази, Номхон далайн бүсийн чуулган зохион байгуулах хорооны дарга О.Наранбаатар болон дэд дарга нарыг Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нар хүлээн авч уулзлаа.

Ирэх жилийн чуулганыг зохион байгуулах хорооны дарга О.Наранбаатар энэ сарын 6-наас 9-ний хооронд Камбожид болсон бүс нутгийн чуулганд Нийслэлийн ИТХ-ын дарга оролцож, үг хэлсэн нь ”2025 оны чуулганыг нийслэл хот нь дэмжиж байгаа гэдэг итгэлийг бүс нутгийн олон мянган JCI-чуудад өглөө. Энэ нь ирэх жилийн арга хэмжээг зохион байгуулах бидний ажилд маш том дэмжлэг болсон хэмээн талархлаа илэрхийллээ.