ХЭҮК нь Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх, сурталчлахад өмгөөлөгч, хүний эрх хамгаалагчдын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой сургалтыг “ЛГБТ төв” Төрийн бус байгууллагатай хамтран үе шаттай зохион байгуулж байна.
Энэ хүрээнд “Хүний эрх хамгаалагч ба өмгөөлөгч” сургалтыг 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр зохион байгууллаа. Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгчид, хүний эрхийн чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл хамрагдсан сургалтын эхэнд Комиссын гишүүн С.Дондов Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь Монгол Улс дахь хүний эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлд “Иргэний нийгэм болон байгаль орчны чиглэлээр ажилладаг хүний эрх хамгаалагчдын эрхийн хэрэгжилт” асуудлыг тусгаж, холбогдох шийдвэр гаргуулахаар УИХ-д хүргүүлсэн.
УИХ-аас 23 дахь илтгэл хэлэлцсэнтэй холбогдуулан төр, иргэний нийгмийн хамтын ажиллагааны талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг батлах, ашгийн бус байгууллага байгуулж, эвлэлдэн нэгдэх эрх чөлөөг хэрэгжүүлэх үзэл баримтлалын үүднээс Төрийн бус байгууллагын тухай хуулийг шинэчлэн боловсруулах.
Мөн хүний эрх хамгаалагч, шүгэл үлээгчийн аюулгүй байдлыг үр дүнтэй хамгаалах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс Гэрч, хохирогчийг хамгаалах бие даасан механизмыг бий болгох, байгаль хамгаалагчийн ажлын байрны үнэлгээг хийж, албан үүргээ гүйцэтгэх баталгааг бүрдүүлэх чиглэлээр холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан. Цаашлаад Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлд өмгөөлөгч-сэтгүүлчдэд тулгамдаж буй хүндрэл бэрхшээл, асуудлыг судалж, тусгахаар ажиллаж байгаа тухай мэдээллийг өглөө.
Сургалтад ХЭҮК-ын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов: “Хүний эрх хамгаалагчийг хамгаалах ХЭҮК-ын үйл ажиллагаа” сэдвээр, Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Л.Отгондорж: “ЛГБТ хүний эрх хамгаалагчид-онцлог, бэрхшээл, анхаарах асуудлууд” сэдвээр, “ОюуТолгойн хяналт” ТББ-ын тэргүүн Д.Сүхгэрэл: Байгаль орчны салбар дахь хүний эрх хамгаалагч-Онцлог, бэрхшээл, анхаарах асуудлууд”, “ЛГБТ Төв”-ийн Гүйцэтгэх захирал Э.Энхмаа: “Ялгаатай байдлын тухай” сэдвээр сургалт зохион байгуулж, өмгөөлөгч, иргэний нийгмийн төлөөллийн хүний эрх, хүний эрх хамгаалагчийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүллээ.
Ташрамд дурдахад: Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль нь 4 бүлэг 14 зүйлтэй бөгөөд ганцаараа, эсхүл бусадтай эвлэлдэн нэгдэж, хүний эрх хамгаалах үйл ажиллагаа явуулж байгаа, түүнд оролцож байгаа хүнийг хүний эрх хамгаалагч гэж үзнэ хэмээн тус хуульд тодорхойлсон. Улмаар хүний эрх, эрх чөлөөг хөхиүлэн дэмжиж, хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйн эсрэг хүчирхийллийн бус, тайван аргаар үзэл бодлоо илэрхийлж, олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчмыг хүндэтгэж, аливаа хэлбэрээр хүний эрхийг хамгаалахыг хүний эрх хамгаалах үйл ажиллагаа гэж хуульд тодорхойлсон.
Товчхон хэлбэл, ямар нэг мэргэжлийн хүмүүсийг хүний эрх хамгаалагч гэж үзэх биш, явуулсан үйл ажиллагаагаар нь тодорхойлох юм. Жишээлбэл, хүний эрхийн активистүүд, өмгөөлөгч, сэтгүүлч, шүүгч, прокурор, цагдаа, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл зэргийн тодорхой үйл ажиллагааг хүний эрх хамгаалах үйл ажиллагаанд хамааруулж ойлгоно. Манай улсад бусдын эрхийг хамгаалахын төлөө буюу хүний эрх хамгаалах үйл ажиллагаа явуулсных нь төлөө ямар нэг хэлбэрээр дарамт, сүрдүүлгэд өртөх явдал цөөнгүй гарсныг судалгаагаар тогтоосон. Тиймээс хүний эрх хамгаалагчдыг хамгаалах, үйл ажиллагааг нь дэмжихэд уг хууль нь чиглэгдэж буй юм.