Мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн тухай хуулийн төслийг баталлаа

Мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн тухай хуулийн төслийг баталлаа

Монгол Улс 1989 онд Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагад, 1997 онд Дэлхийн худалдааны байгууллагад гишүүнээр элссэн бөгөөд гишүүн орны хувьд дээрх байгууллагуудын батлан гаргасан стандарт, удирдамж, заавар, зөвлөмжид нийцүүлэн үндэсний бодлого, хууль тогтоомжийг өөрчлөх, шинээр боловсруулах үүрэг хүлээсэн байдаг.

Дээрх олон улсын байгууллагууд нь мал, амьтны эмийн бүтээгдэхүүний чанарыг баталгаажуулах, нянгийн тэсвэржилт үүсэх, мал эмнэлгийн эмийн бүтээгдэхүүнд зөвшөөрөл олгох, импортлох, үйлдвэрлэх, бөөний болон жижиглэнгийн үнээр ханган нийлүүлэх, хэрэглэх, худалдаалах, аюулгүй байдлаар үр дүнтэй устгах зохицуулалт зэрэг хүн, мал, амьтан, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд учирч болзошгүй эрсдэлийг бууруулах эрх зүйн үндсийг мал эмнэлгийн хууль тогтоомжоор тогтоохыг удирдамж болгодог билээ.

Иймд мал, амьтны эм, эмнэлгийн хэрэгсэл, биобэлдмэл, оношлуур, ариутгалын бэлдмэл, тэжээлийн нэмэлтийн зөвшөөрөл, бүртгэл, үйлдвэрлэл, баталгаажуулалт, худалдаа, хангамж, хэрэглээ, хяналт шалгалттай холбогдсон харилцааг зохицуулахаар Мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн тухай хуулийн төслийг тус яамнаас боловсруулж Улсын Их Хурлын чуулганы 2024 оны 06 дугаар сарын 05-ны нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн батлуулав.

Мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн тухай хуулийг дагалдан Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зар сурталчилгааны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг батлуулан, хууль хоорондын зөрчил, хийдлийг арилгав.

Хууль батлагдсанаар мал, амьтны эмийн зохицуулалтын үйл ажиллагаанд оролцогч талуудын чиг үүрэг, хяналтын үүрэг илүү тодорхой болж, эмийн чанар, аюулгүй байдал, хангамж сайжирч, хүнсний аюулгүй байдлыг хангахад төр болон хувийн хэвшлийн үүрэг хариуцлага нэмэгдэнэ.

Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага, Дэлхийн худалдааны байгууллагаас тавьж буй шаардлага болон бусад олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, мал, амьтны болон нийтийн эрүүл мэндийг хамгаалах бодлого, чиглэл, стратеги, үйл ажиллагааг тодорхойлсон эрх зүйн орчныг бүрдүүллээ.




Өнөөдөр тахиа өдөр

22 цагийн өмнө