Л.Оюун-Эрдэнэ: УИХ-ын гишүүд байхгүйгээр би юу ч хийж чадахгүй байсан. Парламентийн бүх гишүүддээ талархал илэрхийлье

Л.Оюун-Эрдэнэ: УИХ-ын гишүүд байхгүйгээр би юу ч хийж чадахгүй байсан. Парламентийн бүх гишүүддээ талархал илэрхийлье

УИХ-ын отгон чуулганы хаалт өнөөдөр болж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийт гишүүдэд хандаж үг хэллээ. 

Тэрбээр, "Өнгөрсөн гурван жилийн хугацаанд олон зүйл дээр хамт ажилласанд талархлаа. Энэ удаагийн парламент маш олон онцлоготой байлаа.  Бидэнд яг ингэж хуралдаж чадахгүй байсан цаг үе байсан. Тухайн үед хил хэзээ нээгдэх нь тодорхойгүй, эрх зүйн болон эдийн засаг хүнд, хасах 4.7 хувьд хүрч, улсын төсөв 30 орчим хувиар тасарчихсан байсан. Энэ хүндрэлтэй байдлыг давахад хамт байлцсан парламентийн гишүүддээ талархал илэрхийлж чадахгүй байсаар өнөөдрийг хүрлээ. Тэр төвөгтэй, хүндрэлтэй цаг үед намын хувьд бүгд өөр үзэл баримтлалтай ч улсын хөгжилд бүгд нэгдмэл, том зургаар харж байсанд талархаж байна. Хоёрдугаар сарын 14-ны өдөр цар тахлын хамгийн сүүлчийн хязгаарлалтуудыг цуцалсан. Харамсалтай нь дахин 14 өдрийн дараа Орос Украины дайн эхэлсэн. Бензин, шатахуун, хүнсний маш олон зүйл тасалдаж эхэлсэн. Улмаар Засгийн газар шинэ сэргэлтийн бодлогыг баримталж хувийн хэвшлүүдтэйгээ хамтран боомтуудыг нээж, Оюу толгойн далд уурхайг нээсэн. Би онцгойлон АН-ынхандаа ч талархал илэрхийлмээр байна. Гүний уурхай, эдийн засагтай холбоотой асуудалд нэгдмэл байсан АН-ынхан болон ХҮН намын дарга Т.Доржханд танд талархал илэрхийлье.

Хоёр том гүрний дунд оршдог парламентийн арчилсан засаглалтай Монгол Улсын хувьд илүү олон ургальч үзэлтэй, олны намын төлөөллөө хангах нь бидэнд туйлын чухал байсан.

Улмаар бид 76 гишүүнтэй парламентийг түүх болгон үлдээж, 126 гишүүнтэй, холимог тогтолцоотой парламенттай байх тогтолцоог хийж чадсан.

Чадсан чадаагүй маш олон зүйл байгаа. Чадаагүй бүх зүйлийнхээ төлөө та бүхнээс уучлалт хүсье. Дэмжиж ажилласан эрхэм парламентийн гишүүддээ нийт Засгийн газрын гишүүдийнхээ нэрийн өмнөөс энэ төвөгтэй хүндрэлтэй гурван жилийг туулахад хамт байсанд маш их баярлалаа. Амьдрал зөвхөн өнгөрсөн цаг хугацаанд бус өнгөрсөн цаг хугацаанд үлдсэн дурсамжинд түүх болж үлдэнэ гэдэгт огт эргэлзэхгүй байгаа. Улс төрийн сонгуульд мөн шударга сайхан өрсөлдөцгөөе. Б.Бат-Эрдэнэ гишүүнээс эхлээд үе солих процесст дэмжлэг болсон бүх гишүүддээ талархаж байна. Та бүхний дэмжлэг байхгүй байсан бол би юу ч хийж чадахгүй байсан" гэв.

ҮЗЭХ:




Өнөөдөр тахиа өдөр

20 цагийн өмнө