Э.Болорчулуун: Шийдвэрийг улс төрийн албан тушаалтан гаргаж, мууг нь газрын албаныхан үүрдэг /ШУГАМ/

Э.Болорчулуун: Шийдвэрийг улс төрийн албан тушаалтан гаргаж, мууг нь газрын албаныхан үүрдэг /ШУГАМ/

Isee.mn мэдээллийн сайтаас бэлтгэн хүргэдэг “ШУГАМ” нэвтрүүлэгт Нийслэлийн Газрын албаны дарга асан Э.Болорчулуун уригдан оролцлоо. Түүний хувьд газар зохион байгуулалтын инженер мэргэжилтэй энэ мэргэжлээрээ улсдаа хүчин зүтгэж өөрийн хэмжээнд өөрчлөлт шинэчлэлийг хийсэн нэгэн юм. Тиймээс ч хотын газар төлөвлөлтийн алдаа цаашид хэрхэн сайжруулах, бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд аймгуудыг хөгжүүлэхдээ юунд анхаарах, газрын замбараагүй олголт түүнийг дагасан наймааны гол алдаа хаана байдаг зэргээр дэлгэрэнгүй ярилцсан юм.

ВИДЕО: 

-МИНИЙ ААВ ТӨРД ОЛОН ЖИЛ АЖИЛЛААД АРХАНГАЙ АЙМГИЙН ЦЭНХЭР СУМАНДАА АНХ АРДЧИЛЛЫГ БАЙГУУЛСАН-

-Сайн байна уу та. Урилга хүлээн авч ирсэнд баярлалаа. Таныг Нийслэлийн газрын албаны даргаар ажиллаж байснаар тань хүмүүс танина. Та энэ ажлаа хүлээлгэн өгснөөс хойш ямар ажил хийв. Улс төрийн ажилд илүү идэвхтэй оролцов уу?

-Тийм. Би Газар зохион байгуулалтын инженер мэргэжилтэй. Миний аав, ээж Архангай аймгийн Цэнхэр сумын уугуул. Миний төрөлх сум Өгий-Нуур. Энэ сумандаа 10 жилийн боловсрол эзэмшээд дараа нь ШУТИС-ийн Газар зохион байгуулалтын инженерийн анхны ангийг төгссөн. За тэгээд амьдралын шаардлагаар эхнэртэйгээ Япон улсад хоёр жил ажиллаж ирээд Чингэлтэй дүүргийн Газрын албанд газар зохион байгуулагч, нийслэлийн Газрын албаны Кадастрын хэлтэст ахлах мэргэжилтнээр ажилласан. Дараа нь Чингэлтэй дүүрэгтээ буцаж очоод Газрын албаны дарга мөн Сонгинохайрхан дүүргийн Газрын албаны дарга, Нийслэлийн Газрын албаны мэргэжлийн хяналтын дэд дарга, 2016 оноос Нийслэлийн Газрын албаны даргаар ажилласан. Амьдралынхаа ихэнх хугацааг төрийн албанд , төрд, ард түмнийхээ төлөө, нам улс төрийн асуудалгүйгээр өсөн дэвших мерит зарчмаар ажиллаж ирсэн. Улс төрийн зам руу ороход олон талын хүчин зүйл нөлөөлдөг юм байна.

Нэгдүгээрт, нийгэм хөгжиж хүмүүсийн орон зай, амьдрах орчин өөрчлөгдөөд байхад 1997 онд батлагдсан Газрын тухай хууль өөрчлөгдөхгүй байна.

Хоёрдугаарт, төрийн албанд олон жил ажилласан хүний хувьд төрийн албан хаагчдын нэр хүндийг өсгөх шаардлага байна. Төрийн албан хаагчдын үр хүүхдүүд ард иргэдээс бий болдог. Муу л бол хойд гэрийн хар овоохой гэдэг шиг бүх муу, муухай зүйлийг төрийн албан хаагчид руу нааж ярьдаг баймааргүй байгаа юм. Гуравдугаарт, миний аав төрд олон жил ажиллаж байгаад 1990 онд ардчиллыг анх Цэнхэр сумандаа байгуулсан. Одоо ч энэ сум “цэнхэртээд” явж байна.  Миний хувьд аавынхаа үргэлжлэл болж улс төрийн сонголтоо хийсэн. Би өөрийн үзэл бодол мөн монгол хүний эрх чөлөө, эв нэгдэл, тусгаар тогтнол, аюулгүй байдлын төлөө явна гэж бодож байна.

-Нийслэлийн газрын албаны даргаар ажиллаж байхдаа хийсэн бодитой, үр дүнтэй ажлуудынхаа талаар та танилцуулаач. Учир нь та 2016 онд Нийслэлийн Газрын албаны даргаар ажиллаж байхдаа цахимаар олгогдсон замбараагүй газар олголтыг цэгцэлж, орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор хашаа хайсыг буулгах зэрэг олон ажлыг зохион байгуулж байсан шүү дээ?

-Иргэд Улаанбаатар хотод 0.7 га газраа авах хүлээлттэй байсан. Хөдөө орон нутагт бол 0.35 га газрыг олгож байсан шүү дээ. Хөдөө орон нутагт бол газраа авах иргэдийн тэмүүлэл нь бага байсан бол Улаанбаатар хотод хүн бүр л 0.7 га газраа авахаар зүтгэж байсан. Үүнийг шийдэхийн тулд цахим олголтыг хийсэн. Э.Бат-Үүл дарга Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхдаа цахим олголтын шийдлийг гаргасан байдаг. Гэхдээ ямар ч төлөвлөлт, зохион байгуулалт, дэд бүтэцгүй, хөгжих боломжгүй газарт газар олгосон байсан. Хүмүүс цахимаар авсан газартаа хулгайд алдахгүйн тулд дугуйгаар хашаа хатгаж бэлчээр хашаалаад байсан. Тиймээс би 2016 онд Нийслэлийн Газрын албаны дарга болонгуутаа мэргэжлийн хүний хувьд, инженер хүний хувьд “Инженерийн шийдэл, бодлого төлөвлөлт байж хийгдэх ёстой. Хий хоосон орон зайд тургуурласан ажил байж болохгүй. Хууль эрх зүйн хувьд шийдвэрлэхгүй бол газар олголт руугаа хэтэрхий хошуураад замбараагүй болох нь” гээд энэ ажлыг зогсоосон. Миний хийсэн хоёр дахь том ажил нь зөрчил, маргаантай холбоотой асуудалд нэлээн анхаарлаа хандуулсан. Тухайлбал, газар бол бодитой ажил. Гэтэл хийсвэр юм шигээр шийдэхгүй, зөрчлийг нь арилгахгүй явж ирсэн. Тэгэхээр би зөвшөөрөлгүй баригдсан барилга, гражуудтай их тэмцсэн. Богдын музейн урд талын түүхийн хамгаалалттай газарт хоёр давхар барилга барьчихсан байсныг нураасан. Мөн Барилгачдын талбайд 12 давхар барилга барьж байхад буулгасан. Сүүлдээ намайг туушин Болороо гэчихсэн байсан. Ер нь тууштай тэмцсэн.  Дараа нь тоосгон гражийн бүх бүртгэлийг хийгээд шийдвэрлэсэн. 1990 ээд оны үед хүмүүс машинаа гадаа тавьж толь, дугуй гээд хамаг юм аа алддаг байсан. Энэ зөрчлийг арилгахын тулд хот дүүргийн засаг дарга нар захирамж гаргаж тоосгон гражийг зөвшөөрсөн байдаг. Өөрөөр хэлбэл, “Хулгай их гараад байна. Тиймээс та бүхэн машин техникээ хамгаалах байр барь” гээд захирамж гаргаж өгөөд тоосгон гражийг зөвшөөрчихсөн. Энэ дагуу иргэд граж барьсан. Ингэж граж бариулчхаад сая зөвшөөрөлгүй гээд буулгачихаж байна.

Манай Улаанбаатарт зогсоол дутагдалтай. Төр бол газрын эрхийг нь хангаж өгье. Тэгээд иргэн аж, ахуй нэгж хоорондоо тохиролцоод давхар граж барь. Төр газрын зөвшөөрлийг олгож, инженерийн бүтцийг нь шийдэж өг өөр юманд нь битгий оролц. Давхар граж барихааргүй нөхцөл байх юм бол тоглоомын талбай, цэцэрлэгээ барь гэдэг концевцийг явуулах гэтэл зогсоосон.

Хөгжлийнхөө дагуу энэ зөрчлийг арилгах нь зөв гэхдээ зөв байх ёстой.

-МИНИЙ ҮЕД ГАЗРЫН ХЭМЖИЛТ ЗУРАГЛАЛУУД АЛДААГҮЙ БАЙСАН. ТӨЛӨВЛӨЛТГҮЙ, ҮЕРИЙН АМАН ДЭЭР БУУСАН АЙЛУУДЫГ ЦЭГЦЛЭХ ГЭХЭЭР СОНГУУЛЬ НЬ БОЛООД Л АМЬДРУУЛЧИХДАГ ШҮҮ ДЭЭ -

илээс жилд нийслэлийн газар зохион байгуулалт бүр л замбараагүй болж нүх сүвгүй барилга барьж,  цементен ширэнгэ босгож байна. Ер нь цаашид газрыг цэгцтэй олгох тал дээр яаж ажиллах ёстой гэж та хардаг вэ?

-Газрын суурь шинжлэх ухаан бол геодизи юм. Инженер хүн бодлого төлөвлөлттэй, минут секундын алдаагүй ажиллах ёстой. Нэн ялангуяа газрын хэмжилт  маш нарийн нэгжээр хэмжигддэг. Миний үед энэ талын хэмжилт зураглалууд алдаагүй явагддаг байсан. Газрыг төлөвлөлтийн дагуу олгох ёстой. Тэгэхээр Улаанбаатар хотын хувьд төлөвлөлт, бодлого алдагдсан. Жишээ нь эдийн засаг, нийгмийн асуудлаас болж хөдөөнөөс Улаанбаатар руу шилжих хөдөлгөөн ихсэж төвлөрөл болсон. Тэгээд үерийн ам, төлөвлөж зураглал хийгээгүй, инженерийн шугам сүлжээгүй бүсэд иргэд дураараа буусан. Үүнийг нь цэгцлэх гэхээр дөрвөн жилийн циклтэй сонгууль нь болчихдог. Сонгуулийн үеэр зөвшөөрөл өгдөг шүү дээ. Мэдээж газрын захирамжийг Засаг дарга нар олгож байгаа. Бид Улаанбаатарын өмнөх үеийн I, III, XI хороолол, Сансар зэрэг хорооллыг эргэн саная. Бүгд өөр өнгөтэй маш гоё зохион байгуулалттай. I хорооллыг дээрээс нь харахад ССР гэсэн бичиг шиг. Тэгэнгүүт тэр есөн давхруудын сургуулийн өмнөх боловсрол болон сургуулийн насны хэдэн хүүхэдтэйг тодорхой болгож түүндээ зориулсан сургууль, цэцэрлэг болон худалдааны төвийг нь бариад өгчихсөн. Тэр үед машин бага байсан учраас зогсоол, граж л дутмаг байгаа юм. Гэтэл СӨХ-ны хуулийг гаргаад яг тэр орон сууцны дундах том газарт байшин бариад барилга босгочихсон. СӨХ-ны эзэмшил гэх газарт барилга бариад байна. Төлөвлөлт сайн байх юм бол үр хүүхдүүд маань радиусын сургууль, цэцэрлэгтээ хамрагддаг, түгжрэлгүй байна. Одоогийн шинэ төлөвлөлтийг хар л даа. Дүнжингарав, Баянмонгол, Элизабет, Хурд хороололд сургууль цэцэрлэг байхгүй. Энэ судалгааг бүх технологиор хийх боломжтой.

Энэ хорооллуудын орон сууц бариагүй газарт сургууль, цэцэрлэг барих газрыг нь авч үлдэнэ гээд бараагүй би. Олон цохилтод орсон шүү дээ.

Тэнд орон сууцанд нь тааруулсан сургууль, цэцэрлэгтэй байсан бол хүүхдээ аваад хаа байсан хотын төв рүү явахгүй. 500 метрийн радиус дотор  гурав хүртэлх ангийн хүүхдүүд ганцаараа яваад орчихно. Нэг км –ийн радиус дотор гурваас дээш ангийнхан ганцаараа яваад орчихно. Тийм тохиолдолд эцэг, эхчүүд нь ажилдаа явахдаа л анхаарна биз дээ.

-Газар олголт бол мафижчихсан гэж хүмүүс их олон жил ярьлаа. Сая газрын сонсгол болох гэж байгаад хойшилчих шиг болсон. Таны хувьд энэ сонсголыг явуулаад, газрын асуудлаа нэг сайхан яриад авах хэрэгтэй байсан гэдэг дээр санал нийлэх үү?

-Намайг нийслэлийн газрын албаны дарга байхад С.Амарсайхан дарга сонсгол хийж байсан. Тэгэхэд нь их баярлаж байсан. Яагаад гэвэл тэр үед СТӨ-нд нөгөө л нэг газрын асуудалтай гэдэг байсан нөхдүүд бүгд цуглачихсан байсан. Тэгэхэд бүх юмаа ярилцаж авсан. Түүн шиг энэ сонсголоо нэг сайн хийгээд бүх юмаа ярилцаад авах хэрэгтэй. Сургууль, цэцэрлэгийн газруудыг яагаад тусад нь төлөвлөлтүүдийн дунд суулгаж өгөхгүй байгаа юм. Энэ хоосон талбайнууддаа сургууль, цэцэрлэг барья л даа. Газрын зөвшөөрлийг олгодог субьект нь тодорхой. Аймаг, нийслэлийн л Засаг дарга нар шүү дээ. Түүнээс газрын албаныхан газар олгодоггүй. Мууг нь төрийн албаныхан хийдэг, шийдвэрийг нь улс төрийн албан тушаалтнууд гаргадаг. Ерөөсөө л ийм.

-ИХ, БАГА ТОЙРУУ ЧИНЬ АЛГА БОЛЧООД БАЙНА. ГАЗРЫН СОНСГОЛОО ХИЙГЭЭД БҮХ ЮМАА ЯРИАД АВАХ ХЭРЭГТЭЙ-

-Ер нь та бүсчилсэн хөгжлийн талаар юу гэж боддог вэ?

-Хот төлөвлөлт олон төрлөөр л зохион байгуулагддаг. Манайхаас жишээ нь Вашингтон хотын үндсэн загвар харагддаг. Бага тойруу, их тойруу гэдэг чинь төлөвлөлттэй байсан гэсэн үг. Гэтэл одоо энэ хоёр тойруу чинь байхгүй болчихоод байна.

 Вашингтонд очиход нэгдүгээр тойрог, хоёрдугаар тойрог гэчихээд нэвтрэлтүүд нь ойлгомжтой байдаг. Гэтэл манайх энэ нь аль хэзээ алдагдчихсан. 20 минутын хот гэдэг төсөлтэй би нарийн танилцаагүй.

Мужийн хөгжилтэй ойролцоо хийсэн байх гэж бодож байгаа. Бүсчилсэн хөгжил гэхээр бүс бүсийн онцлог шинжүүдийг гаргаж өгсөн байх хэрэгтэй. Миний хувьд аймгийн төвүүд “бага Улаанбаатар” болчихвол утаа, түгжрэл гээд асуудлууд үүснэ. Хангайн бүсийн эрчим хүчний судалгааг аваад үзэхээр Улаанбаатараас-Хархорин, Хархориноос цаашаа аймгууд руу дамжчихсан болохоос биш ямар ч өөр нэмэлт эрчим хүчний шийдэл байхгүй. Хэзээ мөдгүй тог тасрах эрсдэлтэй. Энэ мэт асуудлуудыг бүсчилсэн хөгжил гэх шийдэл дээр эхний ээлжинд авч үзэх хэрэгтэй.

Аялал жуулчлал, МАА  гэх мэт асуудлуудыг бүгд л мэдэж байгаа. Гэтэл өнөөдөр амьдрал дээр “бага Улаанбаатар” энд тэндгүй үүсэх эрсдэлтэй болчихоод байхад үүнийгээ шийдэх хэрэгтэй. Мөн дээрээс нь хэлэхэд, яг Улаанбаатар хотын төлөвлөлтийн алдааг Хархорин хот дээр огт давтаж болохгүй.

Тэгэхээр Хархорин дээр бид саяны хэлсэн шиг дэс дараатай ажиллах ёстой. Миний хэлснээр эхлээд самбар байршуулбал гаднынхан ч олноороо сонирхоно. Гаднынхан "Хүннү гүрний эртний хот байсан газар ямар байдаг юм бол байгаль нь яаж харагддаг юм" гээд сонирхож ирж үзнэ. Тэгэхээр эхлээд самбар байршуулж, жуулчдаа татаад түүнийгээ мөнгөний эх үүсвэр болгож, цаашлаад бодлого болгох ажлыг эхлээд хийх хэрэгтэй. Бас ажлын явцад дотоод болон гадаадын жуулчдын шүүмжлэлийг нь хүлээн авч ажилдаа тусгаж, өөрчилж байж ажил зөв явах ёстой. Гэвч нөгөө л нэг байдаг бодлогоороо “ийм хот байна” гээд тусгачихсан байгаа юм. Энэ чинь захиргаадалтын нийгэм биш биз дээ. Тэр хот чинь иргэд амьдрах гэж байгаа орчин шүү дээ.

-ГАЗРЫГ ГАЗРЫН АЛБА БИШ ШАТ, ШАТНЫ ЗАСАГ ДАРГА ОЛГОДОГ -

-Яг мэргэжлийн хүмүүстэй ярихаар арай өөр гаргалгаа, шийдэл ярьдаг. Гэхдээ би танаас дахиад нэг юм асууна. Таныг Газрын албаны даргаар ажиллаж байсан гэхээр иргэдэд янз бүрийн хардлага, сэрдлэг байхыг үгүйсгэхгүй. Ер нь Газрын албаны дарга газар олгодог юм уу гэдгийг би танаас дахин асуумаар байна.

-Газрын албаны дарга газрыг олгохгүй. Шат шатны Засаг дарга л олголт хийх эрхтэй. Ер нь багахан процессын юм хэлэхэд, дуудлага худалдааны газрыг төслийн сонгон шалгаруулалтаар олгоно гэж заасан байдаг. Энэ нь өөрөө хоёр онцлогтой. Нэгдүгээрт, өрсөлдөөнийг бий болгож байгаа. Хоёрдугаарт, бодлогыг дэмжиж байгаа юм. Гэтэл хуулиас бодлого дэмжсэн асуудлыг нь авчихсан ганц дуудлага худалдаа гэж л оруулсан.

Яах вэ. Янз бүрийн хардалт байдаг. Гэхдээ эдгээр хардалтуудыг би арилгаж, ард түмэндээ ойлгуулсан гэж боддог. Газар бол улсын үндэс гэж хэлсэн байдаг. Бид энэ төлөвлөлт, зохион байгуулалт, гүйцэтгэл дээр маш их анхаарч эрх зүйн зохицуулалт хийх хэрэгтэй байна. Яагаад гэвэл “Дуудлага худалдаа” гэдэг нь хөдөө орон нутагт амьдарч буй иргэдийн жижиг дунд үйлдвэрлэл барих, үйлчилгээ эрхлэх боломжийг нь хаадаг. Учир нь дуудлага худалдаа учраас газрын зөвшөөрлийг мөнгөтэй гаднын том компаниуд л авна шүү дээ. Тэгэхээр хуулийн тэр нэг “дуудлага худалдаа” гэдэг үгээр иргэдийг боломж хаагдаж байгаа юм. Тиймээс энийг бид өөрчлөх хэрэгтэй. Нөгөө талаар төсөл сонгон шалгаруулалт, газар шууд олгох гэдэг зүйлийн ард нөгөө хардалт, сэрдэлт яваад байдаг. Тэр хардалт, сэрдэлтээ хянахад л болно шүү дээ. Гол нь бодлогоороо л ажиллая. Энийг бид хийж эхлэхгүй бол бид хоцрогдоод байна. Хоцроод байна. Нөгөө хөгжих гэж буй орон нутгийн хөгжлийн гарцыг хаагаад байна.

-Өнөөдөр Улаанбаатар хотыг удирдаж байгаа хүмүүс газар олголтыг зогсоосон. Ер нь энэ менежмент зөв үү. Та олон жил газрын албанд ажилласан мэргэжлийн хүний хувьд юу гэхэв?

-Иргэн амьдрах газраа өөрөө сонгох Үндсэн хуулийн эрхтэй. Мөн орчны даац хэтрэлт гэх мэт асуудлаас болж газар олголтыг хязгаарлаж болно. Гэхдээ боомилж болохгүй. Газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд иргэдийн саналыг Иргэдийн хурлын төлөөлөгчдөөр дамжуулан баталдаг.

Тэгэхээр газрыг 0.07 га-аар олгох уу, үгүй юу гэдгийг иргэд өөрсдөө л шийдэх ёстой. Бид газар авмаар байна.

Асуудал байвал та нар зохицуулаад, шийдвэрлэж бидэнд бодлого гаргаж өгөх ёстой гэсэн хүсэлт гаргах эрх нийслэлийн бүх иргэнд байгаа. Тэр хүсэлтээ ч Иргэдийн хурлын төлөөлөгчдөө хэлж, ИХТ нт мэргэжлийн байгууллагаар дамжуулж баталсан байгаа. Тэгсэн үүнийг яагаад шууд хууль гаргаж, хаагаад байна. Би энийг л ойлгохгүй байгаа.




Өнөөдөр тахиа өдөр

22 цагийн өмнө