Нийслэл хүрээ буюу одоогийн Улаанбаатар хотод 1834-1942 он хүртэл Монгол түмний шашин соёлын их шүтээн болон залагдаж байсан Хүрээ майдар бурхныг дуганы хамт дахин сэргээн бүтээсэн нээлтийн ёслол өнөөдөр боллоо.
“Хүрээ Майдар” бурхныг дуганы хамт дахин сэргээн бүтээх үйлсийг 1990 онд Зүүн хүрээ Дашчойлин хийдийн Тэргүүн хамба Ч.Дамбажав бусад лам нарын хамт санаачилсан. 2007 онд Хүрээ Майдар бурхны эх загварыг Монголын урчуудын эвлэлийн барималч Н.Оршил Чойжин ламын сүм музейд залагдсан Өндөр гэгээн Занабазарын дэгийн дагуу бүтээгдсэн Майдар бурхнаас хуулбарлан томруулах аргаар бүтээжээ. Уг загварын дагуу Гончигдаш тэргүүтэй Төвд, Балба урчууд 2013 онд зэсээр урлаж дуусгасан байна. Харин дуганы барилгын ажлыг 2017 оноос эхлүүлж, ийнхүү өнөөдөр нээлтээ хийж байгаа юм.
Нээлтийн үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, “Хутагтын Их Хүрээ буюу өнөөгийн Монгол улсын Нийслэл Улаанбаатар хотод V Богд Жавзүндамбын санаачилгаар Хүрээ Майдар бурхныг бүтээж, энэ нь монголчуудын их шүтээн төдийгүй соёлын нандин бүтээл болон шүтэгдэж байсан. Гэсэн хэдий ч цаг төрийн ороо бусгаа үеэр устаж үгүй болсон тухай түүхийн баримтад хөдлөшгүй нотлогдож үлдсэн. Харин ийнхүү өнөөдөр Хүрээ Майдар бурхныг дуганы хамт ашиглалтад оруулж байгаад Нийслэлчүүд бид баяртай байна. Хүрээ Майдар төсөл бүрэн хэрэгжсэнээр Улаанбаатар хот олон улсын аялал жуулчлал, шашин соёлын төв болох төдийгүй гадаад дотоодын жуулчид, мөргөлчдийн заавал очих, ирж үзэх дурсгалт газруудын нэг болж, Нийслэл хотынхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах болтугай" гэсэн юм.