Алдарт “Friends” цувралын жүжигчин Мэттью Перри өнгөрсөн аравдугаар сард Лос-Анжелес дахь байшингийнхаа усан санд нас барсан байхыг хүмүүс олсон байдаг. Түүний цуснаас их хэмжээний кетамин илэрсэн ба кетамины цочмог нөлөөгөөр нас барсан гэх эмнэлэгийн дүгнэлт гарсан юм. Усанд живсэн нь түүний үхэлд нөлөөлсөн хүчин зүйл байсан тул ослын улмаас нас барсан гэж бүртгэж байжээ. Тиймээс эмнэлэгийн дүгнэлтийг үндэслэн түүний цуснаас илэрсэн мэдээ алдуулагч кетаминыг Перри хэрхэн олж авсан талаар мөрдлөг явуулахаар болжээ.
Мөрдлөгийг хар тамхитай тэмцэх газар болон АНУ-ын Шуудангийн хяналтын алба хамтран зохион байгуулж байгаа аж.
Перри тухайн үед сэтгэл санааны хямрал, түгшүүрийн эсрэг эмчийн хяналт дор кетамин эмчилгээнд орж байжээ. Нас барахаасаа долоо хоногийн өмнө хамгийн сүүлд кетамин эмчилгээнд орсон. Гэвч эмчилгээг зогсоосноос хойш эмчийн бичиггүй кетамин олж авсан байх магадлалтай тул ийнхүү мөрдлөг явуулахаар болсон байна. Тэрбээр өвчин намдаах эм, архины донтой тэмцэж байсан бөгөөд нөхөн сэргээх эмнэлэгт олон удаа очиж байжээ.