ИРГЭН Т.ЦЭЦЭГМАА: Ботаникийн эцэс дээр уйлаад хэвтэж байсан хүүхдийг манай дүү олж, гэртээ нэг хонуулаад, эцэг, эх нь ирэхгүй байсан тул 108-д хүлээлгэж өгсөн

ИРГЭН Т.ЦЭЦЭГМАА: Ботаникийн эцэс дээр уйлаад хэвтэж байсан хүүхдийг манай дүү олж, гэртээ нэг хонуулаад, эцэг, эх нь ирэхгүй байсан тул 108-д хүлээлгэж өгсөн

Өнгөрсөн даваа гарагт “Ботаникийн эцэс хавиас 1-2 орчим насны эрэгтэй, хүүхэд олдсон, хүүхдийн эцэг, эхийг хайж байна” гэх мэдээлэл цахим орчинд гарсан. Тодруулбал, Ботаникийн эцэст нэг ой гарантай хүү нимгэн хувцастай, памперстай явж байсныг нэгэн иргэн олж, гэртээ авчран, эцэг, эхийг нь хайж байжээ. Харин өнгөрсөн лхагва гарагт цагдаагийн байгууллагаас тухайн хүүхдийн эцэг, эхийг олж тогтоон шалгалтын ажиллагааг явуулж байна гэж мэдээлсэн юм.

Хүүхдийг анх олж, хооллож, ундлан, гэртээ аюулгүй байлгаж байгаад холбогдох байгууллагад хүлээлгэж өгсөн сайхан сэтгэлт иргэний эгч Т.Цэцэгмаатай бид хэсэг хугацаанд ярилцлаа. Дүү нь ажлаа тараад харьж явах замдаа гадаа, нимгэн хувцастай уйлаад хэвтэж байсан жаахан хүүг тэврээд ороод иржээ. Гэрийнхэн нь гайхаж балмагдсан ч нэн түрүүнд хүүг хооллож, ундлаад, тайван унтуулсан байна. Хүү тус айлд нэг хоноод маргааш нь 108 ирж авчээ.

ВИДЕО: 

-ХҮҮГ ОЛООД ЦАГДААД ХАНДТАЛ “АР ГЭРЭЭС НЬ АЛГА БОЛСОН ГЭЖ ХАЙЛГААГҮЙ БАЙНА, ГЭРТЭЭ БАЙЛГАЖ БАЙ” ГЭЖ ХЭЛСЭН-

-Сайн байна уу, юуны өмнө хүүг хэзээ, хаанаас, хэн, ямар байдалтай олсон талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Тавдугаар сарын 13-ны өдөр 12:00 цагийн үед манай дүү Ботаникт байх ажлаасаа тараад явж байтал нэг хүүхэд газар уйлаад хэвтэж байсан гэсэн. Яваад очтол нимгэн фудболк, пүүз, памперснаас өөр хувцасгүй байсан гэсэн. Ингээд манай дүү гэртээ авчраад манай хүүхдийн хувцаснаас өмсгөсөн байсан. Авч ирсэн даруйдаа бид цагдаад мэдэгдсэн. Гэтэл цагдаа “ээж, аав нь хайлгаагүй хүүхэд байна, гэртээ байлгаж бай” гэсэн. Ингээд тухайн хүүхэд манайд нэг хоноод маргааш нь 108 ирж авсан.

-Хүүхэд танихгүй хүмүүсээс айж бишүүрхсэн үү, шөнө унтахдаа уйлсан уу? Хоол, ундандаа хэр байсан бэ?

-Огт айж бишүүрхээгүй, маш хөөрхөн, сэргэлэн хүүхэд байсан. Ам нь их цангасан байсан. Хоол ч сайн идэж байсан. Хоол идчихээд шууд унтаад өгсөн. Шөнө манай дүүтэй унтсан. Нэг сэрж цай ууснаас бусдаар бол уйлаагүй.

-ХҮҮГИЙН АМ ИХ ЦАНГАСАН БАЙСАН, ГЭРТ ИРЭЭД ХООЛ ИДЧИХЭЭД ШУУД УНТААД ӨГСӨН-

-Цахим орчинд зар тавьснаас хойш хүмүүс хэр холбогдсон, танихгүй хүмүүс бас ээж, аав нь байна гээд авчихвий гэж болгоомжилж байв уу?

-Нэлээн хэдэн хүмүүс холбогдож “тэр хүүхэд байна гэх мэтээр” мэдээлэл өгсөн. Гэхдээ тэр болгонд хянуур хандаж байсан.

-Хүүхдийн аав холбогдсон гэсэн, хүүхэд нь яагаад тэнд явж байсан талаар мэдээлэл өгсөн үү?

-Тийм, манайд ирээд ээжтэй уулзаад явсан байсан. Хүүхдээд яагаад алга болгосон талаар мэдээлэл өгөөгүй. Зүгээр постоо устгаарай л гэж хэлсэн.

-Зарим хүмүүс танд их талархсан харагдаж байсан?

-Хүмүүс их эерэг хандаж, ээж, аав нь хурдан олдоосой гэж их сэтгэгдэл бичсэн байсан. Энэ дашрамд иргэддээ хандаж хэлэхэд бага насны хүүхэддээ анхаарал сайн тавиарай гэж уриалмаар байна. Манай дүү тэр хүүхдийг олоогүй бол ямар ч аюулд орох байсан юм билээ, хэн ч мэдэхгүй шүү дээ.




Өнөөдөр бар өдөр

39 минутын өмнө