Маргаан бүхий акт буюу Б сумын Тамгын газрын даргын тушаалаар "... мэргэжилтэн О-г ажлын цагаар удаа дараа архидан согтуурч албан байгууллага дээр ёс зүйгүй авирлаж, Төрийн албаны тухай хууль, Засгийн газрын тогтоол төрийн албан хаагчийн ёс зүйг зөрчсөн” гэж үзэж ажлаас халжээ.
Харин нэхэмжлэгчээс уг тушаалыг хүчингүй болгож, урьд ажиллаж байсан үүрэгт ажилд эгүүлэн тогтоолгож,ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг зохих журмын дагуу төлүүлэхээрмаргасан.
Шүүхээс нэхэмжлэгч О нь албан үүргээ гүйцэтгэх явцад ажлын байранд, ажлын цагаар согтууруулах ундаа хэрэглэсэн болохоо хүлээн зөвшөөрсөн төдийгүй тухайн үедээ бусадтай хэрүүл маргаан үүсгэсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь зөрчлийн шинж байдалтай нийцсэн гэж дүгнэжээ.
Нэхэмжлэгч О нь төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд холбогдох төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх үүрэгтэй. Тиймээс хариуцагч захиргааны байгууллага хуулиар олгосон эрх хэмжээнийхээ дагуу тодорхой үйл баримтад тулгуурлан, сонгох боломж, эрхийн хүрээнд шийдвэрлэсэн байх тул шүүхээс эл үндэслэлээр захиргааны байгууллагын шийдвэрийг буруутгах үндэслэлгүй, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь гаргасан зөрчлийн шинж байдалтай нийцсэн гэж үзжээ.